Gerelnews
Post

Франц улсад болж буй жагсаал эмх замбараагүй байдалд хүрчээ

Л.АззаяаЛ.Аззаяа

Францын Парис хотын захын дүүргүүдэд Есдүгээр сарын 21-нээс эхэлсэн сурагчдын эсэргүүцэл багшийн хомсдол, сургуулийн нөхцөл, боловсролын санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагаас үүдэн улс даяар өргөжиж, Аравдугаар сарын 17-нд амьжиргааны өртгийн өсөлтийг эсэргүүцсэн өргөн хэмжээний жагсаал болжээ. Жагсаалын үеэр Парис, Лимож, Марсель зэрэг хотод мөргөлдөөн, дээрэм, галдан шатаалт гарч, Аравдугаар сарын 18-ны байдлаар 2400 гаруй хүн саатуулагдсан тухай олон улсын хэвлэлүүд мэдээлэв.


Сургуулийн нөхцөлийг эсэргүүцсэн хөдөлгөөн улс даяар тархав

Францын ахлах сургуулийн сурагчид Есдүгээр сарын 21-нээс Парисын захын дүүргүүдэд хичээлээ таслах, сургуулийнхаа үүдийг хаах зэргээр эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ. Тэд багшийн хүрэлцээгүй байдал, хэт олон сурагчтай анги танхим, хуучирсан барилга байгууламж, сургалтын орчин нөхцөлийг сайжруулахыг шаардсан байна.

Тухайлбал, Парисын хойд хэсэгт орших Сена-Сен-Дени мужийн сургуулиудад багшийн сул орон тоо, ариун цэврийн болон дэд бүтцийн асуудал хурцаар тавигджээ. Сурагчид зарим хичээлийг багшгүйгээр үзэх шаардлагатай болж, сургалтын чанар, боломж нь амьдарч буй бүс нутгаасаа хамаарч байгааг шүүмжилсэн байна.

Мөн их сургуульд элсэгчдийг сонгон шалгаруулдаг Parcoursup системийг ил тод бус, тэгш бус боломж үүсгэдэг гэж үзэн өөрчлөх шаардлага тавьжээ. Эсэргүүцэлд багш нар, эцэг эхчүүд, үйлдвэрчний эвлэлүүд нэгдсэнээр хөдөлгөөн улам өргөжсөн байна. Аравдугаар сарын 6-нд болсон үндэсний хэмжээний жагсаалд Францын Дотоод хэргийн яамны тооцоогоор 250 мянга гаруй хүн оролцсон бол зохион байгуулагчид 450 мянга орчим гэж мэдээлжээ.

Аравдугаар сарын 17-нд амьжиргааны өртгийн асуудлаар олон нийтийн жагсаал болов

Хэдэн долоо хоног үргэлжилсэн сурагчдын хөдөлгөөнтэй зэрэгцэн хүнс, шатахуун болон өдөр тутмын хэрэглээний зардал нэмэгдэж, төрийн үйлчилгээний чанар муудаж буйд иргэд дургүйцлээ илэрхийлжээ. Үүний улмаас Аравдугаар сарын 17-нд үйлдвэрчний эвлэлүүд, сурагчдын байгууллагууд болон “Шар хантаазтан” хөдөлгөөнийг дэмжигчид нэгдсэн өргөн хэмжээний жагсаал болсон байна.

Францын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, тухайн өдөр улс даяар 110 орчим жагсаал болж, 550 мянга орчим хүн оролцжээ. Харин зохион байгуулагчид оролцогчдын тоог 800 мянга орчим гэж тооцсон байна. Энэ удаагийн жагсаал нь 2018 онд шатахууны татварын нэмэгдлийг эсэргүүцэн эхэлж байсан “Шар хантаазтан” хөдөлгөөнийг дахин сэргээх уриалгатай давхацжээ. Гэхдээ жагсагчдын шаардлага зөвхөн шатахууны үнээр хязгаарлагдахгүй, цалин, тэтгэвэр, боловсролын санхүүжилт болон нийгмийн үйлчилгээний хүртээмжийг хамарч байв.

Мөргөлдөөн, дээрэм, галдан шатаасан үйл явдал болжээ

Аравдугаар сарын 17-нд эхэлсэн жагсаалын олон хэсэг тайван үргэлжилсэн ч зарим хотод жагсагчдын бүлгүүд цагдаатай мөргөлдөж, дэлгүүр болон төрийн байгууллагын барилгуудад халдсан байна. Парис хотын Бүгд найрамдах талбайн орчимд маск, малгай өмссөн хүмүүс цагдаа руу чулуу, салют болон бусад зүйл шидсэнээр цагдаагийнхан нулимс асгаруулагч хий, усан буу ашиглажээ. Мөн хотын зарим хэсэгт дэлгүүрийн цонх хагалж, бараа бүтээгдэхүүн дээрэмдсэн байна.

Лимож хотод түүхэн хотын захиргааны байр галд өртөж, дээвэр нь нуржээ. Марсель хотын захиргааны байранд халдсан бол Бордо хотод цагдаагийн байгууламж, Лион хотод жуулчны мэдээллийн төв эвдэн сүйтгэх халдлагад өртсөн байна.Сент-Этьен хотод 17 настай жагсагч олон нийтийг тараах зориулалттай гранатад өртөж, баруун гараа алдсан хэрэг гарчээ. Уг хэрэгтэй холбоотойгоор цагдаагийн хүч хэрэглэсэн ажиллагааны талаар шалгалт явуулах шаардлага тавигдсан байна.

2400 гаруй хүн саатуулагдаж, цагдаагийн алба хаагчид гэмтжээ

Францын Дотоод хэргийн яамнаас Аравдугаар сарын 18-нд өгсөн мэдээллээр, жагсаалын үеэр гарсан эмх замбараагүй байдалтай холбоотойгоор 2400 гаруй хүнийг саатуулжээ. Мөн цагдаа, жандармын 1000 орчим алба хаагч гэмтсэн тухай Reuters мэдээлсэн байна.

Засгийн газар хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдэд хариуцлага тооцохоо мэдэгдсэн бол жагсаалын үеэр учирсан хохирлын хэмжээ, гэмтсэн иргэдийн тоо болон хэрэгт холбогдогчдын асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байна.

Макрон хүчирхийллийг буруушааж, тайван жагсагчдын шаардлагыг тусад нь авч үзэхээ илэрхийлэв

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Аравдугаар сарын 18-нд жагсаалын үеэр гарсан дээрэм, галдан шатаалт болон нийтийн өмчид халдсан үйлдлийг буруушааж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохоо мэдэгдсэн байна. Тэрээр хүчирхийллийг ямар ч шалтгаанаар зөвтгөх боломжгүйг онцолсон ч амьжиргааны өртөг, боловсролын нөхцөл, төрийн үйлчилгээтэй холбоотой иргэдийн бухимдлыг тайван замаар илэрхийлэх эрхийг үгүйсгээгүй байна.

Харин Францын улс төрийн хүчнүүд жагсаалын шалтгаан, хүчирхийлэлд хүргэсэн нөхцөл байдлын талаар харилцан адилгүй байр суурь илэрхийлжээ. Засгийн газар эмх замбараагүй байдалд хэт зүүний радикал бүлгүүд болон дээрэм хийсэн этгээдүүдийг буруутгасан бол сөрөг хүчний зарим төлөөлөл засгийн газрын бодлого, нийгмийн үйлчилгээний доройтлыг шүүмжилсэн байна.

Францад 2027 оны ерөнхийлөгчийн сонгууль дөхөж буй энэ үед өрнөсөн жагсаал нь боловсролын салбарын хүндрэл, амьжиргааны өртөг, нийгмийн үйлчилгээний чанар зэрэг асуудал улс төрийн томоохон сорилт болсныг харуулж байна.

Эх сурвалж: Reuters, Associated Press, Al Jazeera, The Atlantic.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!