Gerelnews
Post

Улс төр

2026, 10-р сар 19}

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

Л.АззаяаЛ.Аззаяа

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2026.10.19/ боллоо. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, тусгай зориулалтын машин тоног, төхөөрөмж, техникийн бэлэн байдлыг ханган давс, бодисын нөөцийг бүрдүүлжээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт нь 90 хувьтай байна.


Тухайлбал давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлажээ. Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн хангамж бүрдсэн байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлжээ.

Хотын гол болон туслах гудамж, замын арчлалт, засварын ажил 88.6 хувийн гүйцэтгэлтэй байна

Авто зам, дугуйн зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, хашлага, хайсны стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог ханган ажиллаж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн 17 төсөл, арга хэмжээний дундаж гүйцэтгэл 96 хувьд хүрч, 13 төсөл, арга хэмжээг бүрэн дуусган Улсын комисст хүлээлгэн өгчээ. Үлдсэн хоёр төсөлд комисс ажиллуулах хүсэлт хүргүүлж, хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд хотын гол болон туслах гудамж, замын арчлалт, засварын ажил 88.6 хувьтай байна. Мөн найман байршилд хэрэгжүүлж буй 21.9 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил 88 хувь, нийслэлийн төвийн зургаан дүүргийн орон сууцны хороолол доторх 34 байршлын 18.2 км авто замын ажил 53 хувь, таван дүүрэгт хэрэгжүүлж буй 43 км явган хүний болон дугуйн зам, байгууламжийн ажил 52 хувийн гүйцэтгэлтэй байна.

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд есдүгээр сарын 3-ны өдрөөс “Томуугийн эсрэг хамтдаа” аян зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд томуугийн дархлаажуулалт 93 хувьтай байна. Дархлаажуулалтад хамрагдвал зохих 293 мянган иргэнийг хамруулахаар төлөвлөсөн. Томуу, томуу төст өвчний идэвхжилийн түвшингээс хамаарч 1607 хүртэл ороор хүчин чадлаа өргөтгөхөөр бэлэн байдлаа ханган ажиллаж байна. Томуу, томуу төст өвчин идэвхжилийн түвшинд байгаа бөгөөд амбулаторийн нийт үзлэгийн 5.2 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг хувиар бага үзүүлэлт юм.

2021 өрхийг цахилгаан, эрчим хүчээр хангахаар ажиллаж байна

Цахилгаан хангамжгүй 2,021 өрх, хүчдэлийн уналттай 580 өрхийн асуудлыг байршлаар нь тодорхойлж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийт 12 хорооны 737 айл өрх цахилгаангүй, найман хорооны 360 өрх хүчдэлийн уналттай байна. Мөн зураг төсөвтэй болон одоо ажил нь эхлээд явж байгаа 11, 20, 33 дугаар хорооны 1284 айл өрх цахилгаангүй, 20, 33 дугаар хорооны 220 айл, өрх хүчдэлийн уналттай байна. Нийт 2601 айл өрхийг цахилгаан, эрчим хүчээр хангах ажлын мэдээллийг төсвийн саналд тусгах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төсвийн хөрөнгө оруулалттай ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ.

Эх сурвалж:НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!