Gerelnews
Post

Соёл урлаг

2026, 10-р сар 19}

Зургаан жилийн турш баримтжуулсан “Цагаан хадны өнгө” кино Монголд нээлтээ хийлээ

Админ СэтгүүлчАдмин Сэтгүүлч

Монголын нүүрс тээврийн салбарт ажиллаж буй эмэгтэй жолооч С.Майхүүгийн амьдралыг зургаан жилийн турш баримтжуулсан “Цагаан хадны өнгө” (Colors of White Rock) баримтат кино өнөөдөр /2026.10.19/ Улаанбаатар олон улсын кино наадмын үеэр Монголын үзэгчдэд албан ёсоор хүрч байна.


Найруулагч Ч.Хоролдоржийн бүтээсэн тус кинонд С.Майхүү хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө нүүрс тээврийн жолоочоор ажиллахдаа ямар нөхцөлд амьдарч, ямар эрсдэлтэй нүүр тулдгийг харуулжээ. Тэрбээр эрэгтэйчүүд давамгайлсан, осол гарах эрсдэл өндөртэй, нийгмийн болон эрүүл мэндийн хамгаалалт хангалтгүй орчинд ажиллаж буй эмэгтэйчүүдийн нэг юм.

С.Майхүү “ Би энэ салбарт ганцаараа эмэгтэй жолооч биш, миний ард мянга мянган үлгэр дуурайлал болсон эмэгтэй жолооч бий. Найруулагч маань энэ киноны 80 хувьд ганцаараа явсан. Дундуур нь би найруулагчдаа уурлах үе зөндөө гарсан, бас их юм болсон. Би биш юм байна, өөр хүнийг оруул, би ер нь чадахгүй юм байна гээд л их юм болсон” хэмээн ярив.

Киног Францын “Petite Maison Production” болон Монголын “iCity Films” хамтран бүтээжээ. Зураг авалтыг Өмнөговь аймгийн Тавантолгой, Нарийн сухайтын нүүрсний орд, Ханбогд сумын нутаг дахь Цагаан хад суурин болон нүүрс тээврийн замд хийжээ.

Олон улсын кино наадмуудад шалгарч, шагнал хүртжээ

“Цагаан хадны өнгө” кино 2026 оны зургаадугаар сараас олон улсын үзэгчдэд хүрч эхэлсэн бөгөөд Нью-Йоркийн “Трайбека”, Их Британийн “Шеффилд ДокФест” кино наадмын уралдаант хэсэгт шалгарчээ. Мөн Цюрихийн кино наадмаас Filmpreis der Zürcher Kirchen шагнал хүртэж, Бусаны олон улсын кино наадмын Wide Angle хөтөлбөрт сонгогдсон байна.

Тус бүтээлээр Монголын уул уурхайн салбарын өсөлт, нүүрсний экспортын цаана үлдэж буй эгэл тээвэрчдийн амьдрал, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн хамгааллын асуудлыг хөнджээ. Нүүрс тээврийн урт замд ажиллаж буй хүмүүсийн бодит амьдралыг нэг эмэгтэйн түүхээр дамжуулан харуулсан нь уг киноны гол онцлог юм.

Найруулагч Ч.Хоролдоржийн өмнөх бүтээлүүд олон улсын наадамд үнэлэгдэж байв

Найруулагч Ч.Хоролдорж 2010 онд “Зүүд” богино хэмжээний киногоороо Каннын кино наадмын Short Film Corner хөтөлбөрт оролцож, 2013 онд “Шарга даага” уран сайхны киногоо Бусан болон Фрибургийн кино наадамд толилуулж байжээ.

Түүнчлэн 2023 онд бүтээсэн “Говийн бүсгүй” баримтат кино нь Их Британийн Grierson Award-аас “Шилдэг богино хэмжээний баримтат кино” шагнал хүртсэн байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!