Жил бүрийн Аравдугаар сарын 16-нд Дэлхийн хүнсний өдөр тохиодог. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) 2026 оны Дэлхийн хүнсний өдрийг “Innovate today. Nourish tomorrow.” буюу “Өнөөдөр шинийг санаачилж, маргаашийг шим тэжээлээр хангая” уриан дор тэмдэглэж байна. Энэ жилийн уриагаар хүн бүрийг хүрэлцээтэй, олон төрлийн, аюулгүй, шим тэжээллэг хүнсээр хангахын тулд шинэ шийдэл, шинжлэх ухаан, технологийг уламжлалт мэдлэг, арга ухаантай хослуулах шаардлагатайг онцолжээ.
ХХААБ-ын үзэж буйгаар хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх замаар шийдэх боломжгүй. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг илүү үр ашигтай болгох, байгалийн нөөцийг зохистой ашиглах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүнсний алдагдал, хаягдлыг бууруулах, улмаар иргэдэд эрүүл, аюулгүй хүнсийг хүртээмжтэй хүргэхэд инноваци чухал үүрэгтэй. Шинэ технологи гэдэг нь зөвхөн өндөр өртөгтэй техник хэрэгсэл бус, мэдээлэл, өгөгдөл, шинжлэх ухааны шийдэл болон тухайн орон нутгийн уламжлалт мэдлэгийг зөв ашиглах асуудлуудыг хамруулан үзэж буй ойлголт юм.
Дээрх агуулга Монголд ч хамаатай. Мал аж ахуй давамгайлсан Монголын хувьд уламжлалт мал маллах арга ухааныг цаг уурын мэдээлэл, малын эрүүл мэндийн хяналт, ус болон бэлчээрийн ашиглалт, дижитал технологитой уялдуулах нь хүнсний үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх боломжтой. Үүний зэрэгцээ манай улсын хувьд хүнсний аюулгүй байдал ноцтой анхаарах шаардлагатай асуудал болоод байгаа энэ үед зөвхөн хүнсний нөөц бүрдүүлэх бус, иргэдийг дотоодод үйлдвэрлэсэн, олон төрлийн, аюулгүй, шим тэжээллэг хүнсээр хангах, энэ төрлийн аж ахуй нэгжийг дэмжих асуудал ихээхэн чухал байна.
ХХААБ 2026 оны Дэлхийн хүнсний өдрийн хүрээнд инновацийг илүү үр ашигтай, хүртээмжтэй, тэсвэртэй, тогтвортой хөдөө аж ахуй, хүнсний тогтолцоо бий болгох гол хэрэгсэл гэж тодорхойлжээ. Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг орон нутгийн мэдлэг, байгалийн нөөцөө хамгаалах уламжлалтай зөв хослуулснаар хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирээдүй хойч үедээ байгаль дэлхий, хүрээлэн буй орчноо эрүүл үлдээх боломж хэмээн энэ жилийн уриаг гаргажээ.
Эх сурвалж: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ), Дэлхийн хүнсний өдөр 2026.

