АНУ-ын стриминг үйлчилгээний Netflix компани контент хариуцсан захирал Бела Бажариагаа сольж, 1000 орчим ажилтнаа цомхотгохоор болсон ба тус компани Аравдугаар сарын 15-нд Питер Райсыг шинэ захирлаар томилсноо зарласан бол ажилтнуудын цомхотголын талаар өчигдөр /2026.10.15/ мэдээлсэн байна.
Питер Райс Аравдугаар сарын 26-наас ажлаа хүлээн авах бөгөөд Netflix-ийн кино, олон ангит цуврал, шууд дамжуулалт зэрэг дэлхий даяарх контентын үйл ажиллагааг удирдхаар болжээ. Тэрээр өмнө нь Walt Disney Television-ийн дарга болон 21st Century Fox компанийн ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Харин Бела Бажариа Netflix-д бараг 10 жил ажилласан бөгөөд 2023 оноос дэлхийн контентын багийг удирдаж байсан юм.
Үүнээс гадна Netflix нийт ажиллах хүчнийхээ зургаан орчим хувьтай тэнцэх 1000 орчим ажлын байрыг цомхотгохоор болжээ. Цомхотголд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, технологи, хууль эрх зүй, хүний нөөцийн багууд голчлон өртөхөөр байна. Энэ нь тус компанийн 2022 оноос хойших хамгийн том цомхотгол болж байгаа юм.
Netflix-ийн удирдлагууд ажилтнууддаа илгээсэн мэдэгдэлдээ хүний нөөц, санхүүжилтийг илүү үр дүнтэй чиглэлд төвлөрүүлэх шаардлагатайг онцолжээ. Тус компани үзэгчдийн анхаарлыг татахын төлөө YouTube болон бусад медиа платформтой ширүүн өрсөлдөж буй энэ үед байгууллагын бүтцээ өөрчилж байгааг дурджээ.
Эх сурвалж: Netflix-ийн албан ёсны мэдээ, Reuters

