Амиа хорлож нас барсан нэг хүний түүх зарим тохиолдолд олон жил яригдсан ч шийдэгдээгүй асуудлыг богино хугацаанд олон нийтийн анхаарлын төвд авчирдаг. Ар гэрийнхэн нь дуу хоолойгоо хүргэж, хэвлэл мэдээлэл асуудлыг хөндсөний дараа хууль тогтоогчид хэлэлцэж эхлэх, байгууллага, компаниуд үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулах тохиолдол бий. Үүнийг нэг талаас нийгэмд анзаарагдаагүй асуудлыг ил гаргах иргэний оролцоо гэж үзэж болно. Харин хүний үхэл бодлого өөрчлүүлэх, олон нийтийн дэмжлэг авах, эсвэл хэвлэлийн хандалт нэмэгдүүлэх хамгийн хүчтэй “нотолгоо” болон хувирвал ёс зүйн өөр асуудал үүснэ.
Яг энэ асуудлыг хөндсөн нийтлэл Их Британийн The Economist сэтгүүлийн 2026 оны Аравдугаар сарын 15-ны өдөр нийтлэгдсэн юм. Тодруулбал, Их Британид мөрийтэй тоглоомоос үүдэн хүүгээ алдсан Лиз, Чарльз Ричи нар 2018 онд Gambling with Lives буюу “Амиараа мөрийцсөн дэнчин” байгууллагыг байгуулж, ижил нөхцөлд гэр бүлийн хүнээ алдсан хүмүүсийг нэгтгэн мөрийтэй тоглоомын хор уршгийг бууруулах бодлогын өөрчлөлтийг шаардаж иржээ. Тус байгууллага Их Британийн парламентын хэлэлцүүлэгт байр сууриа, баримт материалын хамт хүргүүлэхдээ өөрсдийн байгууллагыг амиа хорлолтын улмаас ойр дотны хүнээ алдсан гэр бүлүүдийн үүсгэн байгуулсан байгууллага гэж тодорхойлжээ.
Энэ тал дээр хоёр зүйлийг ялгах шаардлагатай. Амьдралын бодит туршлага бодлого боловсруулахад үнэ цэнтэй мэдээлэл өгч болно. Гэвч нэг хүний түүх тухайн асуудлын нийтлэг шалтгааныг дангаараа нотолж чадахгүй. Өөрөөр хэлбэл ДЭМБ амиа хорлолтыг нийгэм, эдийн засаг, соёл, сэтгэл зүйн олон хүчин зүйл огтлолцсон нарийн төвөгтэй үзэгдэл гэж тодорхойлдог. Тиймээс амиа хорлолтод ажлын байр, орлогын алдагдал, гэр бүлийн харилцаа, ялгаварлан гадуурхалт, сэтгэцийн эрүүл мэнд зэрэг олон хүчин зүйл давхар нөлөөлж болох учраас нэг үйл явдал, үйлчилгээ эсвэл байгууллагыг шууд ганц шалтгаан болгон тогтоох эсэх дээр анхааралтай хандах нь зүйтэй.
Тоо мэдээлэх болон тоогоор анхаарал татахын ялгаа
Амиа хорлолтын статистикийг мэдээлэх нь өөрөө ёс зүйн зөрчил биш. Харин ч бодлого боловсруулахын тулд асуудлын цар хүрээ, аль нас, хүйсийн бүлэгт эрсдэл өндөр байгааг мэдэх шаардлага тулгарна.
Гэхдээ статистик ямар зориулалтаар ашиглагдаж байгаагаас утга нь өөрчлөгдөнө.
Тухайлбал, “амиа хорлож нас барсан хүний тоо өмнөх оноос нэмэгдсэн” гэж албан статистик, өмнөх жилүүдийн хандлага, хүн амд ногдох түвшинтэй нь хамт мэдээлбэл нийгмийн эрүүл мэндийн асуудлын цар хүрээг тайлбарлаж байна гэсэн үг. Харин ижил тоог нөхцөл, хандлага, судалгааны тайлбаргүйгээр зөвхөн анхаарал татах гарчиг болгох, эсвэл тодорхой хууль, байгууллага, хүнийг буруутгах нотолгоо болгон ашиглавал өөр асуудал болно.
Өөрөөр хэлбэл, амиа хорлолтын тоо асуудал байгааг илтгэх үзүүлэлт байж болох ч шалтгааныг дангаараа нотлохгүй.
Энэ зарчим шийдвэр гаргах түвшинд ч хамаатай. Хэдэн хүний амь нас хохирсон гэх тоо улс төрийн хэлэлцүүлгийг хөдөлгөх хүчтэй үндэслэл мэт харагдаж болно. Гэвч бодлогын шийдвэрийг тухайн тоо юуг хэмжиж байгаа, мэдээллийг хэрхэн цуглуулсан, бусад хүчин зүйлсийг тооцсон эсэх зэрэг нотолгоотой хамтатган үнэлэх шаардлагатай.
Хэвлэл мэдээллийн хариуцлага хаана эхлэх вэ?
Амиа хорлолтын тухай мэдээлэлд бусад төрлийн мэдээнээс илүү болгоомжтой хандах шаардлагатай. Учир нь ДЭМБ, Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх олон улсын нийгэмлэгтэй хамтран 2023 онд хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүдэд зориулсан шинэчилсэн зөвлөмждөө амиа хорлолтын талаарх мэдээлэл урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд эерэг ч, сөрөг ч нөлөө үзүүлж болдгийг тэмдэглэсэн байдаг. Амиа хорлож нас барсан тохиолдлыг өргөн хүрээнд, давтамжтай мэдээлсний дараа ижил төрлийн тохиолдол нэмэгдэх эрсдэл байдгийг судалгаанууд харуулсан бол хямралыг даван туулсан, тусламж авч, даван гарсан хүмүүсийн түүх эсрэгээрээ хамгаалах нөлөө үзүүлдэг байна.
Шийдэл нь амиа хорлолтын талаар “мэдээлэх үү, мэдээлэхгүй юу” гэсэн хоёр сонголтоор хязгаарлагдахгүй. Харин мэдээллийг, ямар үгээр, хэр хэмжээнд, ямар зорилгоор хүргэж байгаа вэ гэдэг нь чухал.
Хүний нэр, зураг, тухайн үйлдлийн арга, нөхцөл байдлыг дэлгэрэнгүй дүрслэх, амиа хорлолтыг ганцхан үйл явдлын шууд үр дагавар мэт тайлбарлах, эсвэл сенсац тарих мэдээ болгон ашиглах нь олон нийтийн ашиг сонирхолд үйлчлэх гэхээс илүү хор хөнөөл дагуулах эрсдэлтэй. Харин статистикийн хандлага, урьдчилан сэргийлэх бодлого, тусламж үйлчилгээний хүртээмж, эрсдэлт хүчин зүйлсийг баримтаар тайлбарлах нь амиа хорлолтын мэдээллийг илүү ул суурьтай дамжуулж буйн илрэл болох юм.
Ёс зүйн хувьд хүний эмгэнэлийг “хэрэгсэл” болгож болох уу?
Энэ асуудлыг ёс зүйн философийн үүднээс авч үзвэл Германы философич Иммануил Кантын хүнийг зорилгод хүрэх "ердөө нэг хэрэгсэл" мэт бус, өөрөө үнэ цэнтэй "зорилго" гэж хандах ёстой гэсэн зарчимтай холбогдоно.
Кантын санаа нь хүнийг ямар ч зорилгод ашиглаж болохгүй гэсэн үг биш. Харин хүний үнэ цэн, бие даасан байдлыг үл тоомсорлон зөвхөн өөрийн зорилгод хүрэх хэрэгсэл болгон ашиглаж болохгүй гэсэн утгатай. Стэнфордын их сургуулийн Философийн нэвтэрхий тольд Кантын энэ зарчмыг хүнийг “зөвхөн хэрэгсэл” болгон үзэхийг хориглосон хүний нэр төр, үнэ цэнийг хүндэтгэх шаардлага гэж тайлбарладаг.
Үүнийг хэвлэл мэдээлэлд буулгавал нас барсан хүний түүхийг нийгмийн асуудлыг тайлбарлахад ашиглаж болох боловч тухайн хүнийг зөвхөн анхаарал татах гарчиг, олон нийтийн уур бухимдал, хандалт эсвэл урьдчилан сонгосон байр сууриа батлах “жишээ” болгон хувиргаж болохгүй гэсэн санаа юм.
Энэ хүрээнд тухайн мэдээг нийтлэх редакцийн өмнө нэгэн асуулт тавигдана.
Тухайн хүний эмгэнэлт түүхийг хассан ч энэ асуудлыг статистик, судалгаа, баримтаар нотолж чадах уу?
Хэрэв чадахгүй бол нэг тохиолдлыг нийтлэг шалтгаан, үр дагаврын нотолгоо болгон ашиглаж байгаа эсэхээ дахин нягтлах шаардлага үүснэ.
Монголд асуудал ямар түвшинд байна вэ?
Монгол Улсын хувьд амиа хорлолт бодитой анхаарах шаардлагатай нийгмийн эрүүл мэндийн асуудал хэвээр байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн “Эрүүл мэндийн үзүүлэлт 2025” эмхэтгэлд Монгол Улсын хүн амын дундах амиа хорлож нас барсан тохиолдлын түвшин 2025 онд 100 мянган хүн тутамд 16.3 болж, өмнөх оноос 1.0, сүүлийн арван жилийн дунджаас 1.3-аар нэмэгдсэнийг дурджээ. Мөн тухайн онд нас барсан 15–19 насныхны 21.9 хувь, 20–24 насныхны 29.0 хувь, 25–29 насныхны 31.7 хувийг амиа хорлож нас барсан тохиолдол эзэлсэн байна.
Эдгээр тоо мэдээж анхаарал татахуйц сонсогдоно. Гэхдээ тэдгээрийг зөв тайлбарлах нь тоон мэдээллээсээ ч чухал. Тухайлбал, дээрх тоо “25–29 насны монголчуудын 31.7 хувь амиа хорлодог” гэсэн утга огт биш. Харин 2025 онд тухайн насны бүлэгт бүртгэгдсэн нийт нас баралтын 31.7 хувь нь амиа хорлож нас барсан тохиолдол байсан гэсэн үзүүлэлт юм. Ийм статистикийг тайлбаргүйгээр гарчиг болговол уншигчдад бодит байдлаас ташаа ойлголт төрүүлэх эрсдэлтэй.
Монголын хэвлэл мэдээллийн салбарт ч энэ талаар мөрдөх тодорхой ёс зүйн зарчим бий. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 6.7-д “Амиа егүүтгэх тохиолдлыг харуулах, нэн ялангуяа нэрийг нь дурдах, дүрс, нөхцөл байдлыг нь нарийвчлан харуулахаас зайлсхийнэ” гэж заасан. Үүний өмнөх 6.2, 6.3-т хүний хувийн мэдээллийг зөвхөн олон нийтийн тусын тулд нийтэд ил болгож болох бөгөөд “олон нийтийн тусын тулд” гэсэн ойлголтыг “олон нийтэд сонирхолтой” мэдээлэлтэй андуурч болохгүйг мөн тодорхой заажээ.
Энэ ялгаа амиа хорлолтын тухай мэдээлэлд онцгой ач холбогдолтой.
Хэн нэгэн яагаад ийм үйлдэл хийсэн тухай таамаглах, хувийн захидал, гэр бүлийн харилцаа, зураг дүрсийг дэлгэх нь “олон нийт сонирхож байгаа” асуудал байж болох ч “олон нийтийн тусын тулд” нийтлэх шалтгаан байх боломжгүй.
Харин амиа хорлолтын түвшин яагаад өндөр байна, аль насны бүлэг хамгийн их эрсдэлтэй байна, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүрэлцээтэй юу, урьдчилан сэргийлэх бодлого ямар байна гэдгийг баримт, судалгаанд тулгуурлан хөндөх нь нийтийн ашиг сонирхлын хүрээний асуудал болно.
Тиймээс гол зааг нь амиа хорлолтын талаар мэдээлэх эсэхэд бус, ямар зорилгоор, ямар аргаар мэдээлж байгаад байна.
Хувь хүний түүх нийгмийн асуудлыг хөндөж болно. Ар гэрийнхний дуу хоолой бодлого боловсруулахад үнэ цэнтэй мэдээлэл өгч болно. Статистик төрөөс анхаарал шаардах, бодлогын хүрээнд үйлдэл нэхэх үндэслэл ч болно. Гэхдээ эдгээрийн аль нь ч хүний үхлийг сенсац, улс төрийн оноо, эсвэл хандалт авах хэрэгсэл болгох үндэслэл болохгүй.
Амиа хорлолт олон нийтийн анхаарах асуудал мөн. Харин хүний эмгэнэлт явдал анхаарал татах арга хэрэгсэл болох ёсгүй.

