Gerelnews
Post

Улс төр

2026, 10-р сар 19}

Г.Занданшатартай холбоотой мэдэгдэл хийсэн таван гишүүний асуудал АТГ-т хүрэх нь

Л.АззаяаЛ.Аззаяа

Г.Занданшатарыг авлига, албан тушаалын хэрэг болон хар тамхины сүлжээтэй холбон мэдээлсэн УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Х.Булгантуяа, Э.Болормаа, Д.Амарбаясгалан, П.Сайнзориг нарыг Г.Занданшатарын нэр төрд халдсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй асуудлаар Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллагад хандахаа түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ өнөөдөр /2026.10.19/ мэдэгдлээ.


Тэрбээр Салхитын мөнгөний орд, Төв аймгийн Авдрантын ордтой холбоотой мэдээллийг бодит нөхцөл байдлыг гуйвуулсан, баримтаар нотлогдоогүй мэдэгдэл гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Салхитын ордыг төрийн мэдэлд авсан ажиллагааг өөрөөр тайлбарласан гэв

Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар Г.Занданшатарыг буруутгаж буй нь үндэслэлгүй гэж өмгөөлөгч тайлбарлажээ. Түүний хэлснээр, тухайн орд гадаадын иргэдийн эзэмшилд байх үед тэдний хооронд үүссэн маргаан шүүхийн байгууллагын албан тушаалтнуудтай холбогдсон байна. Харин тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар тусгай ажиллагаа явуулж, ордыг төрийн мэдэлд авахад оролцсон гэж тайлбарлав.

Мөн уг хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцож, авлигын мөнгийг улсын төсөвт төвлөрүүлэн, тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг төлөхөд ашигласан гэж мэдэгдлээ.

Авдрантын ордыг хувьдаа авах гэж байсан гэх мэдээллийг няцаав

Шадар сайд асан С.Амарсайхан 2026 оны Есдүгээр сарын 16-нд Авдрантын ордыг Г.Занданшатар хувьдаа ашиглах гэж байсныг зогсоосон гэх агуулгаар мэдээлэл хийсэн. Гэвч энэ мэдэгдлээ нотлох баримт дэлгээгүй гэж П.Ундрах-Эрдэнэ үзэж байна.

Өмгөөлөгчийн тайлбарласнаар, Г.Занданшатар Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа өмнө нь ашиглагдаж байгаад үйл ажиллагаа нь зогссон зарим ордыг төрийн мэдэлд авч, дахин ашиглах боломжийг судлах асуудлыг хөнджээ. Энэ хүрээнд холбогдох хүмүүст албан бичиг болон 143 хуудас бүхий танилцуулга хүргүүлсэн байна.

Гэвч ордуудыг төрийн мэдэлд авч, ашиглах боломжийг судлах асуудлыг хувьдаа эзэмшихээр завдсан мэтээр тайлбарласан нь бодит байдлыг гуйвуулсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа аж.

Хар тамхины сүлжээтэй холбосон мэдэгдлийг шалгуулахаар хандана

2026 оны Есдүгээр сарын 15-ны мэдээллээр Г.Занданшатарыг уул уурхайн ордууд болон хар тамхины сүлжээтэй холбон, уг сүлжээний гол зохион байгуулагч гэх агуулгаар мэдээлсэн нь түүний нэр төр, алдар хүндэд халдсан үйлдэл гэж өмгөөлөгч нь тайлбарласан. Иймд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Х.Булгантуяа, Э.Болормаа, Д.Амарбаясгалан болон П.Сайнзориг нарын мэдэгдэл, үйлдэлд хууль зүйн үнэлгээ өгөхийг хүсэж, Авлигатай тэмцэх газар болон холбогдох хууль хяналтын байгууллагад хандахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Тодруулбал, албан тушаалын хүрээнд олж авсан мэдээллийг ашиглан бусдын нэр хүндэд халдсан эсэх, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй нөхцөл байгаа эсэхийг шалгуулах асуудлыг хөндөж байна. Харин хууль хяналтын байгууллага ямар дүгнэлт хийхээс шалтгаалан улс төрийн энэ маргаан цааш хэрхэн өрнөх нь тодорхой болно. Одоохондоо “дээлээ нөмрөх” эсэх нь таамаг төдий ч, хэлсэн үг, гаргасан мэдэгдлийнхээ төлөө хуулийн өмнө тайлбар өгөх нөхцөл үлдээд байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!