Нийслэлийн Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд байрлах 68 дугаар сургууль, 304 дүгээр цэцэрлэгийн орчимд барилга угсралтын ажил гүйцэтгэж буй зарим аж ахуйн нэгж шаардлагатай аюулгүй байдлыг хангаагүй тул үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авахаар болжээ.
Тус сургууль, цэцэрлэгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Нийслэлийн Хяналт шалгалтын газраас тухайн орчимд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд гүйцэтгэлийн хяналт, шалгалт хийсэн байна.
Шалгалтаар “Оүшн-Оюу”, “Опту”, “Вишндевелопмент”, “Топсет Хоум”, “Пинк товер”, “Эзэн АСБТ” ХХК-д сургууль, цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг холбогдох норм, стандартын шаардлагад нийцүүлэх тухай улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна. Уг шаардлагыг 9 дүгээр сарын 2-нд хүргүүлж, хэрэгжилтийг нь шалгахаар 14 хоногийн дараа дахин хяналт хийжээ. Гэвч зарим аж ахуйн нэгж шаардлагад заасан зөрчил, дутагдлыг бүрэн арилгаагүй нь шалгалтаар тогтоогдсон байна.

Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн орц, гарцыг чөлөөлөх, явган хүний зам гаргах, гудамж, талбайн гэрэлтүүлгийг шийдвэрлэх зэрэг шаардлагыг зарим компани бүрэн хэрэгжүүлээгүй байна.
Энэ талаар Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга Б.Аз хэлэхдээ, албан шаардлагын биелэлт хангалтгүй, сургууль, цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдал холбогдох норм, стандартын шаардлагыг бүрэн хангаагүй гэж мэдээлжээ. Иймд илэрсэн зөрчилд холбогдох хууль тогтоомжийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг бүрэн арилгах хүртэл барилга угсралтын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авахаар болсон байна.

Нийслэлийн Хяналт шалгалтын газраас сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдалд тавих хяналтыг цаашид тогтмол үргэлжлүүлэхээр болжээ. Энэ хүрээнд барилга угсралтын ажил явуулж буй аж ахуйн нэгжүүд хүүхдийн зорчих хөдөлгөөнд саад учруулахгүй байх, сургууль, цэцэрлэгийн орц, гарцыг чөлөөтэй байлгах, явган хүний зам болон гадна орчны гэрэлтүүлгийг шаардлагын дагуу шийдвэрлэсэн эсэхэд хяналт тавих юм байна. Мөн илэрсэн зөрчлийг хугацаанд нь арилгуулж, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөжээ.

