40 дэх удаагийн номын баяр 2026 оны Есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд үргэлжилж байна. Баярын үеэр хүүхэд, залуус өөрсдийн сонирхсон номоо сонгон үзэж, зохиолчид бүтээлээ уншигчдад танилцуулж байна.
Энэ үеэр бид шинэ үеийн уншигчид ямар ном сонирхож байгаа болон хүүхдийн номын өнөөгийн чиг хандлагын талаар уншигчид, хүүхдийн номын зохиолчдын байр суурийг сонслоо.
Номын баярын талбайд хүүхдүүдийн хувьд үлгэр, адал явдалт зохиол, танин мэдэхүйн болон зурагт ном сонирхох нь түгээмэл байлаа. Ялангуяа өөрсдийн сонирхдог сэдэв, дүртэй номыг сонгох хандлага хүүхдүүдийн ярианаас ажиглагдсан юм.
Харин GEN Z үеийн уншигчдын хувьд ном сонголт илүү өргөн хүрээтэй байна. Тэд уран зохиолоос гадна хувь хүний хөгжил, сэтгэлзүй, амьдралын хэв маяг болон өдөр тутмын амьдралтай холбоотой сэдвүүдийг сонирхож байгаагаа ярьсан. Мөн цахим орчинд мэдээлэл авах боломж нэмэгдсэн хэдий ч биет ном унших сонирхол хэвээр байгааг онцолж байлаа.
Ийнхүү хүүхэд болон залуу уншигчдын сонирхол өөр өөр боловч өөрт хэрэгтэй, сонирхол татахуйц агуулгыг сонгон унших хандлага нийтлэг байна.
Хүүхдийн номын зохиолчдын хувьд өнөөгийн хүүхдүүдийн унших дадал, мэдээлэл хүлээн авах хэлбэр өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор хүүхдийн номын агуулга, хэл найруулга, дүрслэлд анхаарах шаардлага нэмэгдэж байгааг онцолж байна. Хүүхдэд зориулсан ном бүтээхдээ насны онцлогт тохирсон хэл, найруулга, ойлгомжтой агуулга, сонирхол татахуйц дүр болон үйл явдлыг хослуулах нь чухал гэж үзэж байна.
Мөн хүүхдийн номыг бүтээхэд зөвхөн зохиолчийн санаа бус хүүхдийн бодит сонирхол, тэдний өдөр тутамд тулгардаг асуудал, үзэж харж буй орчин нөлөөлдөг байна. Тиймээс хүүхдэд зориулсан бүтээлүүд цаг үеийн өөрчлөлтийг дагаж шинэчлэгдэх шаардлагатай болжээ.
Нөгөө талаас номын баяр нь зөвхөн ном худалдаалах үйл ажиллагаа бус хүүхэд, залуусыг ном, бүтээлийн орчинтой ойртуулах боломж болж байна. Уншигчид шинэ бүтээлтэй танилцаж, өөрийн сонирхолд нийцсэн номоо сонгохын зэрэгцээ зохиолчдын бүтээл туурвих арга барил, хүүхдийн номын хөгжлийн талаар мэдээлэл авах боломж бүрдэж байна.
Номын баяр 2026 оны Есдүгээр сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай үргэлжилж байгаа бөгөөд энэ хугацаанд уншигчид номын худалдаа, зохиолч, уншигчдын уулзалт болон бусад үйл ажиллагаанд оролцох боломжтой.

