Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын форумын үеэр Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөц, сэрүүн уур амьсгал, Хятадын зах зээлтэй ойр байршлын давуу талаа ашиглан ногоон дата төв, цахим дэд бүтцийг хөгжүүлэх боломжтой гэдгийг онцоллоо.
“Ногоон эрчим хүч ба цахим шилжилт” сэдэвт Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын форум өнөөдөр /2026.09.16/ БНХАУ-ын Шэньжэнь хотод болж байна. Форумыг нээж хэлсэн үгэндээ Шадар сайд Т.Доржханд Хятад улс хиймэл оюун ухаан, сэргээгдэх эрчим хүчний технологи, дэвшилтэт үйлдвэрлэл, эрчим хүч хадгалах батарей, цахим дэд бүтцийн салбарт дэлхийд тэргүүлж байгааг тэмдэглэв. Түүний хэлснээр, хиймэл оюун ухааны хурдацтай хөгжил нь их хэмжээний цэвэр, найдвартай, өрсөлдөхүйц үнэтэй цахилгаан эрчим хүчний эрэлтийг нэмэгдүүлж байгаа бөгөөд энэ эрэлтийг хангахад Монгол Улс хувь нэмрээ оруулах боломжтой юм. Монгол Улс нар, салхины асар их нөөцтэй, ашиглах боломжтой өргөн уудам газар нутагтай, сэрүүн уур амьсгалтай бөгөөд Хятадын зах зээлтэй ойр оршдог нь давуу тал болохыг тэрбээр онцоллоо:
“Эдгээр давуу тал нь зөвхөн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломжийг бүрдүүлээд зогсохгүй, ногоон цахим эдийн засгийг хөгжүүлэх өрсөлдөхүйц байршил болох боломжийг Монгол Улсад олгож байна” гэв.
Ногоон дата төвийг богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой гэж үзэв
Шадар сайд дээрх боломжуудаас ногоон дата төвүүдийг хөгжүүлэх нь хамгийн бодитой, богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой чиглэлүүдийн нэг гэж тодорхойллоо. Дата төвүүдэд их хэмжээний, найдвартай цахилгаан эрчим хүч, өрсөлдөхүйц үйл ажиллагааны зардал, аюулгүй цахим дэд бүтэц болон урт хугацааны төслүүдийг дэмжих хөрөнгө оруулалтын орчин шаардлагатай. Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц, сэрүүн уур амьсгалын давуу талыг Хятадын хиймэл оюун ухаан болон дэвшилтэт технологийн салбарын манлайлалтай хослуулснаар ногоон цахим дэд бүтцийн шинэ загвар бий болгох боломжтой гэж тэрбээр үзэж байна. Энэ нь зөвхөн дата төвөөр хязгаарлагдахгүй бөгөөд нар, салхины цахилгаан станц, эрчим хүч хадгалах систем, зориулалтын цахилгаан дамжуулах шугам, хөргөлтийн систем, шилэн кабелийн холболт, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, мэргэжлийн үйлчилгээ зэрэг олон салбарыг хамрах боломжтой.
Мөн ногоон дата төвүүд нь шинэ сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн гол хэрэглэгч болж, сэргээгдэх эрчим хүчний төслүүд нь хиймэл оюун ухаан болон үүлэн тооцооллын дэд бүтцэд шаардлагатай цэвэр, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах боломжтойг Шадар сайд онцолсон юм. Ингэснээр эрчим хүч болон цахим дэд бүтцийг харилцан уялдаатай хөгжүүлж, эдийн засгийн үр ашигтай, арилжааны үндэслэлтэй хөрөнгө оруулалтын загвар бий болгох боломжтой гэж үзэж байна.
Хөрөнгө оруулалтын орчны шинэчлэлийг онцлов
Монгол Улсын Засгийн газар нээлттэй, тогтвортой, хөрөнгө оруулагчдад ээлтэй бизнесийн орчин бүрдүүлэхээр ажиллаж байгааг Шадар сайд мэдээлэв. Тэрбээр саяхан Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, захиргааны үйл ажиллагааг хялбаршуулах, тогтворжуулах гэрчилгээ авах боломжийг сайжруулах, хөрөнгө оруулагчийн гомдол, маргааныг шийдвэрлэх механизмыг бий болгох, мөн дотоодын болон олон улсын арбитрын журмаар маргаан шийдвэрлэх боломжийг бэхжүүлснийг дурдлаа.
Түүнчлэн тэргүүлэх чиглэлийн салбаруудад тусгай дэмжлэг, урамшуулал бий болгосныг онцолсон байна. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүч, дата төв болон хиймэл оюун ухааны дэд бүтцийн салбарт ашиглах шаардлага хангасан импортын тоног төхөөрөмж, машин механизмд 100 хувийн гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэхээр болсон гэж мэдээллээ. Эдгээр арга хэмжээ нь төслийн зардлыг бууруулж, хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилтийн боломж болон эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгааг Шадар сайд хэлэв.
Хятадын хөрөнгө оруулагчдыг Монгол Улстай хамтран ажиллахыг урив
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар цэвэр эрчим хүч, дэд бүтэц болон шинээр хөгжиж буй бусад салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг Т.Доржханд тэмдэглэв. Мөн цэвэр эрчим хүчийг экспортлох, импортлох чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд байгуулагдсан талаар дурдлаа. Тиймдээ ч Хятадын хөрөнгө оруулагчид, технологийн компаниуд, инженерингийн байгууллагууд болон дата төвийн оператор компаниудыг Монгол Улстай хамтран ажиллахыг урьсан юм.
“Монгол Улс хариуцлагатай хөрөнгө оруулалтыг дэмжин, хөрөнгө оруулагчдад нээлттэй хандаж байна”
Мөн Монгол Улсын Засгийн газар төслийн бүхий л үе шатанд хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад бэлэн байгааг тэрбээр илэрхийлэв. Үүнд техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, газар болон тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээс эхлээд дэд бүтцийн уялдаа холбоо, санхүүжилт, бүтээн байгуулалт, үйл ажиллагааны үе шат хүртэл багтах аж.
Шадар сайд форумын төгсгөлд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг бодит бүтээн байгуулалт, үр ашигтай хөрөнгө оруулалт болгон хөгжүүлж, бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол, Хятадын харилцан ашигтай ногоон, цахим ирээдүйг хамтдаа бүтээхийг уриаллаа.

