Нэг ёсондоо С.Амарсайхан хөөгдөж байхаар өөрөө өөрийгөө хөөсөн нь нэр цэвэр нөхцөл үүсээд байсан гэхэд хилсдэхгүй. За, улс төрийн нюансаараа ч Н.Учралын Засгийн газраас түүнийг явуулах эрх ашиг бодитоор үүсчихээд буй нь харагдсан.
Өнөөдөр ХЗДХ-ийн сайдаас С.Амарсайханыг огцрууллаа. Энэ бол Ерөнхий сайд Н.Учралын бүрэн эрхийн асуудал. Өчигдөр түүний хийсэн мэдэгдэлд үндэслэн, олон тооны эргэлзээтэй, ноцтой зүйлс дурдагдсан тул хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоох ёстой гэж үзжээ. Тиймээс ганц С.Амарсайханыг биш, түүний мэдэгдэлд нэр дурдагдсан бүх албан тушаалтныг чөлөөлсөн гэдгийг ЗГХЭГ-аас хэлж байна.
Харин С.Амарсайхан ийм зүйл болохыг мэдэж байсан гэлтэй. Түүний нэр холбогдсон, удган Б.Булнай руу цагдаагийн байгууллагын ажилтнуудыг явуулж дарамталсан гэх асуудал өндрөө аваад байв. Мөн ШШГЕГ-ын дарга, Бригадын генерал А.Намсамандын хийсэн мэдэгдлээр, жолоочийнхоо эхнэрийг дарга болгосон, томилгооноос нь татгалзвал элдвээр хэлдэг гэхчлэн зүйлс яригдсан байдаг.
Нэг ёсондоо С.Амарсайхан хөөгдөж байхаар өөрөө өөрийгөө хөөсөн нь нэр цэвэр нөхцөл үүсээд байсан гэхэд хилсдэхгүй. За, улс төрийн нюансаараа ч Н.Учралын Засгийн газраас түүнийг явуулах эрх ашиг бодитоор үүсчихээд буй нь харагдсан. Үүнийг 30-ын бүлгийн толгойлогч, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ярилцлага өгөхдөө С.Амарсайханыг өмөөрч дуугарснаар нь баталгаажуулж болох юм.
Гэтэл нуухаа авах гээд нүдээ сохлов гэгчээр, өчигдөр сүржин мэдэгдэл хийхдээ хэд хэдэн алдаа гаргаж, бас зарим зүйлийг тодорхой болгоод өгчихлөө.
Нэгт, түүний мэдэгдэл Засгийн газар дотор нь явагдаж байгаа эрх ашгийн толхилцоон руу биш, гудамжинд яваа Г.Занданшатар луу бүхэлдээ чиглэсэн. Удган Б.Булнайг Г.Занданшатартай хамаатан болгосон. ШШГЕГ-ын харьяанд байдаг нүүрсний ордыг хүртэл нэр холбох гэж үзсэн. Ерөөсөө санаа зорилго нь Г.Занданшатарыг харлуулах гэдэг нь ил тод харагдсан, уншигдсан.
Хоёрт, баримт гэж баахан бичиг цаас давхарлан авчирснаа, төрийн нууц задалсан байж болзошгүй үйлдлүүд хийв. Албан хаагчдын цалингийн задаргаа, албан бичиг, дотоод хэрэгцээний материалуудыг олноор дэлгэж үзүүлэв. Хуульчдын зүгээс С.Амарсайхан төрийн нууц задруулсан хэрэгт ороогдох бүрэн үндэслэл тавигдсан гэдгийг хэлж байна.
Өнөөдрийн улс төрд ямар ч хамааралгүй, Узбекистанд шатар тоглоод явж байгаа Г.Занданшатар луу ноцох шалтгаан түүнд юу байв? Энэ хамгийн сонирхолтой асуудал болж үлдсэн.
Одоогоор Ерөнхийлөгчийн сонгуулийн кандидат ярих эрт байгаа ч Г.Занданшатар нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа нь нууц биш. Холбогдох судалгаанууд түүнийг рейтингээрээ тэргүүлж байгааг харуулж буй. Тэгэхээр, Засгийн газар дотор ойлголцохгүй байгаа асуудлаа хаа байсан Г.Занданшатар луу нааж ноцож аваад, өөрөө хохирогч болж жүжиглэх гэсэн болж таарав уу?
Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн сонгуулийн кандидатад хүчтэй яригдаж байгаа улстөрчийг гутааж аваад ажлаа өгсөн шалтгаан нь ганцхан боломжтойгоор уншигдана. Тэр бол өөрөө 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд санаархаж байгаа явдал нь юм. 30-ын бүлгээс улс төрийн туршлага, сайдаар олон Засгийн газар улиран ажилласан зэргээр С.Амарсайханыг Ерөнхийлөгчид сойх гэж үзэх магадлал бий юу, бий. Ийм асуудал битүү хүрээндээ яригдсан уу, яригдсан.
Иймээс хаа холын Ерөнхийлөгчийн амбиц илэрхийлэх гэж үзэхдээ, өрсөлдөгч хэмээн харагдах Г.Занданшатарыг жаал ноцож байгаад ажлаа өгсөн дүр зураг үүсэж байгаа юм. Кабинетын асуудал яригдаж байхад шатар тоглохоос өөр юм хийхгүй, хийх боломжгүй яваа Г.Занданшатарыг татан авчирч онцолсон нь Г.Занданшатарт ч тэнэг санагдсан биз. “Юун мөөм бэ?” гэдэг шиг.
Гэвч ингэхдээ төрийн нууц задалсан хэрэгт давхар ороогдчих шиг л боллоо, С.Амарсайхан.

