Ганц удаагийн замын хөдөлгөөний зөрчил түрээсийн цахилгаан дугуй ашиглах эрхээ бүрмөсөн алдахад хүргэж мэдэх юм.
Их Британийн нийслэлд түрээсийн цахилгаан дугуйн хэрэглээтэй холбоотой дахин нэг зөрчил бүртгэгджээ. Лондон хотын цагдаагийн албаны мэдээлснээр, Долдугаар сарын 31-нд нэгэн эрэгтэй Флит гудамжны орчимд Lime (Лайм) цахилгаан дугуйтай замын эсрэг урсгалаар явж байгаад өөдөөс нь автобус ирэхэд явган хүний зам руу гарч, хүмүүсийн дундуур зорчсон байна.
Энэ үеэр нэгэн эмэгтэй түүний үйлдлийг эсэргүүцэхэд дугуйчин доромжилсон дохио үзүүлжээ. Эмэгтэй цагдаад хэрэг болсон газар, цагийг мэдээлснээр алба хаагчид хяналтын камерын бичлэг болон Lime компанийн аяллын мэдээллийг тулган шалгаж, тухайн хэрэглэгчийг тогтоосон байна. Улмаар түүнд хайхрамжгүй дугуй унасан зөрчлөөр торгууль ногдуулж, Lime компани үйлчилгээг дахин ашиглах эрхийг бүрмөсөн хасжээ.
Энэ нь цахилгаан болон түрээсийн дугуйн хэрэглээнд тавих хяналт хэд хэдэн хотод чангараад буй үед болсон нэгэн жишээ юм. Тухайлбал, Лондоны дүүргүүд 2026 онд явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд саад болсон 3,000 гаруй түрээсийн цахилгаан дугуйг хураасан. Харин Австралийн Yarra хот Lime-ийн түрээсийн “e-bike” буюу цахилгаан дугуйн үйлчилгээг үргэлжлүүлэхээс татгалзжээ. Ийнхүү цахилгаан дугуйг бүхэлд нь хориглох бус, явган зорчигчдын аюулгүй байдал, буруу байршуулалт болон хариуцлагагүй хэрэглээг зохицуулах асуудал хотуудын анхаарлын төвд орсоор байна.
Эх сурвалж: Лондон хотын цагдаагийн алба

