2026-2027 оны хичээлийн жилд ШУТИС, МУИС, АШУҮИС-ийн шинээр элсэгчдийн сургалтын төлбөр өмнөх хичээлийн жилээс нэмэгджээ. Тухайлбал, ШУТИС-ийн нэг багц цагийн төлбөр 10 хувь, МУИС-ийнх 15 хувиар өссөн бол АШУҮИС-ийн жилийн сургалтын төлбөр мэргэжлээсээ хамааран 10-13 орчим хувиар нэмэгдсэн байна.
МУИС-ийн шинээр элсэгчдийн нэг кредитийн төлбөр 203.7 мянган төгрөг болжээ
Монгол Улсын Их Сургуульд шинээр элсэгчдийн нэг кредитийн сургалтын төлбөр нь 203,700, мэргэжлийн суурь хичээлийнх 204,700 төгрөг болж нэмэгджээ. Энэ дагуу шинээр элссэн оюутан жилд дунджаар 32 кредит судална гэж тооцвол сургалтын төлбөрт нийт 6,518,400 төгрөг төлөхөөр байна. Өмнөх жил МУИС-ийн шинэ элсэгчийн төлбөр нэг багц цаг нь 177,100-178,000 төгрөг байжээ. МУИС-ийн сургалтын төлбөр оюутны суралцаж буй курсээс хамааран харилцан адилгүй байна.
ШУТИС-ийн нэг кредитийн төлбөр 209 мянган төгрөг байна
2026-2027 оны хичээлийн жилд ШУТИС-д шинээр элсэгчдийн ерөнхий суурь, мэргэжлийн хичээлийн нэг багц цагийн төлбөр 209,000 төгрөг болж өмнө жилийнхээс 19,000 төгрөгөөр нэмэгджээ.
Харин архитектур, барилгын инженерчлэл, программ хангамжийн инженерчлэл, хиймэл оюун, интерьер дизайн зэрэг тэргүүлэх, эрэлттэй зарим мэргэжилд шинээр элсэгчийн нэг багц цагийн төлбөр 218,500 байна. ШУТИС-д шинээр элссэн оюутан жилд дунджаар 32 кредит судална гэж тооцвол сургалтын төлбөрт нийт 6 сая 688 мянган төгрөг төлөхөөр байна. Харин өмнөх жилүүдэд элссэн буюу хоёрдугаар курсийн оюутнуудын хувьд нэг кредитийн төлбөр 218 мянган төгрөг байгаа нь шинээр элсэгчдийнхээс өндөр байна.
АШУҮИС-ийн жилийн сургалтын төлбөр мэргэжлээсээ хамаарч 5-7 сая төгрөг байна
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн бакалаврын хөтөлбөрүүдийн жилийн сургалтын төлбөр мэргэжлээсээ хамааран харилцан адилгүй байна. Тухайлбал, хүний их эмч, хүүхдийн их эмч, уламжлалт анагаахын их эмч, шүдний их эмч зэрэг мэргэжлээр суралцах оюутны нэг жилийн сургалтын төлбөр 3,520,000- 6,851,000 төгрөгийн хооронд байна. Өмнө жилд шинээр элсэгч нэгдүгээр түвшний оюутны сургалтын төлбөр 3,200,000-5,440,000 төгрөгийн хооронд байжээ.
МУБИС-ийн шинээр элсэгчдийн нэг кредитийн төлбөр 142.800 төгрөг болж 13,000 төгрөгөөр нэмэгдсэн байна
Монгол Улсын Боловсролын Их Сургуульд энэ хичээлийн жилд шинээр элсэгчдийн нэг кредитийн сургалтын төлбөр 142,800 төгрөг байхаар тогтоожээ. Өмнөх жилийн нэг кредитний сургалтын төлбөр 129,800 төгрөг байсан бол 13,000 төгрөгөөр нэмэгджээ. Шинээр элссэн оюутан жилд дунджаар 32 кредит судална гэж тооцвол нэг жилийн сургалтын төлбөр 4,569,600 төгрөг болох юм.

