ХЗДХ-ийн сайдаас С.Амарсайхан өөрөө буух уу, хүчээр буулгах уу гэдгийн аль нэг ойрын өдрүүдэд шийдэгдэх дүр зураг үүсчихлээ. Аль нь ч бай, түүнд сайдаар үргэлжлүүлэн ажиллах нэр нүүр байхгүй юм.
Амралтын өдрүүдээр түүнийг өөрийн хүнээ явуулж, бичлэг сэлтээ устга гэж дарамталдаг талаарх мэдээллийг олон нийт баримттайгаар, камерын бичлэгтэйгээр үзлээ. Харин өнөөдөр ШШГЕГ-ын дарга, Бригадын генерал А.Намсаманд мэдээлэл хийж, С.Амарсайханыг нэр цохоод, жолоочийнхоо эхнэрийг хүртэл дарга болгосон, томилгооноос татгалзвал элдвээр хэлж зүхдэг, дарамталдаг талаар өгүүллээ.
Хамгийн гол нь танхимын тэргүүн, Ерөнхий сайд Н.Учрал түүнд хариуцлага тооцно гэдгээ өөрийн нүүр хуудаст битүү утгаар мэдэгдчихсэн.
Эдгээр нөхцөлүүдийг хамтатган авч үзвэл С.Амарсайханд гарах гарц үлдсэнгүй. Түүний хувьд танхимын тэргүүндээ хөөгдөж байхын оронд өөрөө, өөрийн хүслээр ажлаа өгч мэдэгдэл хийсэн нь өдгөө арайчиг зөв шийдвэр болох болов уу.
Нөгөө талаас Н.Учралын танхимд С.Амарсайхан бол 30-ын бүлгийн квотоор орж ирсэн сайд. Тийм болохоор “жийх” улс төрийн сонирхол, тохиромжтой цаг үеийг харж азнах магадлал байсан уу, байсан. Гэхдээ философич С.Молор-Эрдэнийг чиглэл өгч шалгуулснаас эхлээд дараалсан үйл явдлууд өөрөө С.Амарсайхан энэ албыг хаших боломжгүй, чадамжгүй гэдгийг бататгаж үзүүлсэн.
Ардчилсан намын зүгээс Н.Учралын Засгийн газрыг огцруулах шаардлагыг тавьж, 50 тэрбумын задаргаа гэх асуудалд Боловсролын сайд Л.Энх-Амгалан бусдыг түгжлээр нь дуудавч үнэндээ өөрөө түгжилдчихээд байгаа эдгээр өдрүүдэд улс төр үнэнхүү халж байна.
Энд МАН-ын хоёр фракц тодорхой сайдуудыг чөлөөлж, өөрсдийн хүмүүсээ тавьж авснаар ойлголцох уу. Эсвэл Н.Учралыг огцруулах хүртэл явцгаах уу. Өнөөдөр С.Амарсайхан хамгийн түрүүнд явах сайд нарын нэг болж, бас болгож байгаа нь дараагийн ямар эрх ашгийг зурсан явдал вэ зэрэг анхаарал татан үлдэж байна.

