Ажлын болон хичээлийн өдрүүдэд хангалттай унтаж амрахгүй байх нь олон хүнд түгээмэл тохиолддог. Ийм үед амралтын өдрөөр удаан унтаж, дутуу нойроо нөхөхийг хичээдэг ч алдсан нойрыг нэг дор олон цагаар унтаж бүрэн нөхөх боломжтой эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Гэсэн ч хэт удаан унтахаас илүүтэй ердийнхөөс нэгээс хоёр цаг илүү унтах нь алдагдсан нойрыг нөхөх хамгийн боломжит хувилбар байж болох талаар сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна.
Америкийн Нойр Судлалын Академи насанд хүрэгчдэд хоногт 7–9 цаг, өсвөр насныханд 8–10 цаг унтаж амрахыг зөвлөдөг. Монгол Улсын Эрүүл мэндийн яамны зөвлөмжид ч мөн дээрхтэй ойролцоо хугацааг дурдсан байдаг. Гэвч ажил, хичээлийн ачаалал, тогтмол бус хуваарь, өдөр тутмын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан олон хүн шаардлагатай хэмжээнд унтаж чаддаггүй. Иймээс бие физиологийн хувьд нойрны дутагдал аажмаар үүсэхээс гадна сэтгэл зүйгээр удаан унтах хүсэл нэмэгддэг. Тиймдээ ч амралтын өдөр хэт олон цагаар унтах нь орой нойр хүрэх цагийг хойшлуулж, Ням гарагийн шөнө оройтож унтах, улмаар Даваа гарагт дахин нойр дутуу сэрэх зэргээр таныг улам ч нойрны асуудалд унагаж болзошгүй.
Ерөнхийдөө хүний нойр, сэрүүний хэмнэлийг үндсэн хоёр хүчин зүйл зохицуулдаг ба нэг нь сэрүүн байх хугацаа уртсах тусам нэмэгддэг унтах хэрэгцээ, нөгөө нь гэрэл, харанхуй, биеийн температур, хооллох болон хөдөлгөөний цагтай уялдан ажилладаг биеийн дотоод цаг юм. Тиймээс тус хоёр зүйлийг тэнцвэртэй байлгах нь нойрны чанарт эерэг нөлөөтэй байдаг байна.
Харин нэгэнт нойрны дутагдал, дутуу нойртой амьдралын хэмнэлд орсон бол нойроо нөхөхийн тулд боломжтой үедээ бага хэмжээний нэмэлт нойр авах хэргтэй аж. Дутуу нойрыг нөхөхтэй холбоотой хэд хэдэн судалгаа байдгаас дурдвал:
Нэг шөнө ердөө хоёр цаг унтсан хүмүүсийн цусан дахь зарим төрлийн цагаан эсийн хэмжээ нэмэгдсэн ч дараагийн өдөр нь 10 хүртэл цаг унтаж амарсны дараа хэвийн түвшинд ойртсон байна. Мөн хэд хэдэн шөнө дараалан дөрөвхөн цаг унтсан хүмүүсийн глюкозын солилцоо болон инсулины хариу урвалд өөрчлөлт гарсан ч хангалттай унтсаны дараа зарим үзүүлэлт нь сайжирчээ. Өөрөөр хэлбэл, нөхөн унтах нь нойр дутуугаас үүссэн зарим богино хугацааны өөрчлөлтийг бууруулах боломжтой байна. Гэхдээ энэ нь алдсан нойрыг бүрэн нөхөж, бүх сөрөг нөлөөг арилгана гэсэн үг биш.
Өөр нэгэн судалгаагаар удаан хугацаанд нойр дутуу явсны дараа хангалттай унтсан ч анхаарал төвлөрөл, хариу үйлдлийн хурд, орон зайн баримжаа зэрэг зарим чадвар бүрэн сэргэхгүй байх тохиолдол ажиглагджээ. Тиймээс амралтын өдрөөр удаан унтахыг ажлын өдрүүдийн тогтмол нойрны орлуулга гэж үзэх боломжгүй юм.
Дээрхээс гадна Шведэд 40 мянга гаруй хүнийг 13 жилийн турш судлахад 65-аас доош насны, тогтмол тав болон түүнээс цөөн цаг унтдаг хүмүүсийн нас баралтын эрсдэл өндөр байжээ. Гэтэл ажлын өдрүүдэд бага унтдаг ч амралтын өдрөөр илүү удаан унтдаг хүмүүсийн дунд дээрх шиг нэмэгдсэн эрсдэл ажиглагдаагүй байна. Харин БНСУ-д 2800 орчим хүнийг хамруулсан судалгаанд ажлын өдрүүдэд нойр дутуу явдаг хүмүүс амралтын өдрөөр нойроо нөхдөг учир цусны даралт ихсэх эрсдэл бага байдаг гэх дүгнэлт гарчээ. Гэхдээ эдгээр нь ажиглалтын судалгаа учраас амралтын өдрийн нэмэлт нойр эрсдэлийг шууд бууруулдаг гэж дүгнэх боломжгүй бөгөөд дээрх судалгааны үр дүнгүүд харилцан адилгүй байгаа юм.
Хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маягийг ажигласан судалгаануудаас харахад амралтын өдрийн нэмэлт нойр болон эрүүл мэндийн зарим үзүүлэлтийн хооронд эерэг хамаарал ажиглагдсан. Тиймдээ ч амралтын өдрөөр хэт удаан унтах бус, ердийн үеийнхээс нэг юм уу, хоёр цаг илүү унтаж амарснаар нойрны дутагдлыг тодорхой хэмжээнд багасгахын зэрэгцээ биеийн дотоод цагийг хэт өөрчлөхгүй байх боломжтой. Харин үд хүртэл унтах, эсвэл унтах болон сэрэх цагаа огцом өөрчлөх нь дараагийн шөнийн нойрыг хойшлуулж, шинэ долоо хоногийг дахин нойр дутуу эхлүүлэх эрсдэлтэйг санаарай.
Гэхдээ нойргүйдэлтэй хүмүүст дээрх зөвлөмж адилхан үйлчлэхгүй байж болно. Тэдний хувьд эрт орондоо орох эсвэл өглөө хэт удаан хэвтэх нь нойрны хэвийн хэмнэлийг улам алдагдуулах эрсдэлтэй тул унтах, сэрэх цагаа тогтмол баримтлах нь илүү чухал гэж мэргэжилтнүүд зөвлөжээ.
Эх сурвалж: BBC Future

