Монголын өсвөр үеийнхний цахим төхөөрөмжийн хэрэглээ эрүүл мэндтэй нь хэрхэн холбоотой байгааг судалсан судалгаагаар өдөрт долоо болон түүнээс дээш цаг цахим төхөөрөмж ашигладаг хүүхдүүдийн нойрны хүндрэл бага хэрэглэдэг үеийнхнээс 5.09 дахин өндөр байгааг тогтоожээ.
Тус судалгаанд 2024 оны нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд ерөнхий боловсролын сургуулийн 11-17 насны 558 хүүхэд хамрагдсан байна. Судлаачид өдөрт 0-3 цагийг бага, 4-6 цагийг дунд, 7 ба түүнээс дээш цагийг удаан хугацааны хэрэглээ гэж ангилж, цахим төхөөрөмжийн хэрэглээ болон хүүхдийн бие, сэтгэлзүйн эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг харьцуулжээ.
Судалгаанд оролцогчдын 49.8 хувь нь өдөрт 1-3 цаг, 34.1 хувь нь 4-6 цаг, харин 7.7 хувь нь өдөрт долоо ба түүнээс дээш цаг цахим төхөөрөмж ашигладаг гэж хариулсан байна.
Харин 7 ба түүнээс дээш цаг ашигладаг бүлгийг 0-3 цаг ашигладаг хүүхдүүдтэй харьцуулахад нойрны хүндрэл гарах магадлал 5.09 дахин, нүд хуурайших, улайх магадлал 2.09 дахин, толгой өвдөх магадлал 2.27 дахин, нүдний шил, линз хэрэглэх магадлал 3.03 дахин өндөр байжээ.
Мөн судалгаанд удаан хугацаагаар цахим төхөөрөмж ашигладаг хүүхдүүдийн дунд толгой өвдөх, нүд хуурайших, улайх, стресс болон оройтож унтсанаас шалтгаалсан нойрны хүндрэл илүү түгээмэл байгааг тэмдэглэсэн байна. Тухайлбал, өдөрт долоо ба түүнээс дээш цаг ашигладаг хүүхдүүдийн 39.5 хувь нь оройтож хэрэглэснээс үүдэлтэй нойрны хүндрэл байнга гардаг гэж хариулсан бол 0-3 цаг ашигладаг бүлэгт энэ үзүүлэлт 11.1 хувь байжээ.
Гэхдээ судалгаагаар цахим төхөөрөмжийн хэрэглээ бүх талаар сөрөг гэж дүгнээгүй байна. Үзвэр, зугаа цэнгэл болон бусадтай харилцах зорилгоор төхөөрөмж ашигладаг хүүхдүүдэд төхөөрөмж ашиглах үедээ аз жаргал мэдрэх үзүүлэлт мөн өндөр байжээ. Өөрөөр хэлбэл, цахим хэрэглээний хугацаанаас гадна ямар зорилгоор ашиглаж байгаа нь ч хүүхдийн эрүүл мэнд, сэтгэлзүйн байдалд хамааралтай болохыг судлаачид онцолсон байна.
Судалгаагаар эцэг эхийн хяналт, хүүхдийн өөрийнхөө хэрэглээнд тавих анхаарал нь өдөрт долоо ба түүнээс дээш цаг ашиглах магадлалтай холбоотой байжээ. Мөн тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг хүүхдүүдийн дунд 4-6 цагийн хэрэглээтэй үед толгой өвдөх нь бага байсан ч 7 ба түүнээс дээш цагийн хэрэглээтэй үед дасгал хөдөлгөөн энэ нөлөөг бууруулж чадаагүй байна.
Судалгааг Тsinghua University-ийн Vanke School of Public Health, АШУҮИС болон Renmin University-ийн судлаачид хамтран хийж, 2026 оны хоёрдугаар сарын 18-нд BMJ Global Health сэтгүүлд нийтэлжээ.

