Яармагийн Хангарди зогсоолоос Хархорин худалдааны төв хүртэлх 4.2 км дүүжин тээвэр ирэх арванхоёрдугаар сараас иргэдэд үйлчилж эхлэхээр төлөвлөжээ. Зорчигчид нэг талдаа 12 минут явах бөгөөд төлбөрөө "U Money карт"-аар төлөх боломжтой. Үйлчилгээ эхлэхтэй холбогдуулан “Улаанбаатар Кабель Кар” ОНӨААТҮГ-аас өнөөдөр (2026.11.17) зорчигчдын аюулгүй ажиллагааны зааврыг танилцууллаа.
Нийт 19 тулгуур, хоёр өртөө бүхий дүүжин тээвэрт тус бүр 10 хүний багтаамжтай 98 кабин ажиллана. Нэг чиглэлд цагт 2300 гаруй зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд одоогоор техникийн туршилт, тохируулгын ажил үргэлжилж байгаа аж.

Зорчих үнийг 1500–2000 төгрөгөөр тооцож байгаа ч эцсийн тариф, үйлчилгээний цагийн хуваарийг хараахан батлаагүй байна гэв. Зааварт 0–11 насны хүүхэд заавал эцэг, эх, асран хамгаалагчтайгаа зорчих, бүхээгийг савлуулах, хаалгыг онгойлгохыг оролдох, тамхи татах, аюултай бодис авч явахыг хоригложээ. Мөн өндрөөс айдаг, зүрх судасны өвчтэй, даралт тогтворгүй иргэд эрүүл мэндийн байдлаа харгалзан зорчихыг зөвлөлөө. Дүүжин тээврийг улсын комисс хүлээн авсны дараа зорчигч тээвэрлэж эхлэнэ гэв.

