Gerelnews
Post

Нийгэм

2026, 11-р сар 17}

Монгол Улс COP31-д цэвэр эрчим хүчний шилжилтэд олон улсын дэмжлэг шаардлагатайг онцоллоо

С.СумхүүС.Сумхүү

Монгол Улс агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд цэвэр технологи, олон улсын санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатайг COP31-ийн үеэр онцоллоо. Мөн эрчим хүчний шилжилтийг иргэдийн амьжиргаанд нэмэлт дарамт учруулахгүйгээр хэрэгжүүлэх байр сууриа илэрхийлэв.


Туркийн Анталья хотноо үргэлжилж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн COP31 бага хурлын хүрээнд арваннэгдүгээр сарын 16-нд “Цэвэр агаарын төлөөх хамтын ажиллагаа” сэдэвт сайд нарын түвшний хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир оролцож, Монгол Улсын агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бодлого, зорилтыг танилцуулжээ. 

Монгол Улс 2025 онд шинэчилсэн "Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт" (NDC 3.0)-ын хүрээнд 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30.3 хувиар, олон улсын дэмжлэгтэйгээр 52.8 хүртэл хувиар бууруулахаар зорьж буй юм. Мөн Улаанбаатар хотод 2019 оноос түүхий нүүрсний хэрэглээг хориглосон бөгөөд цаашид цахилгаан, хийн халаалт, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг Ц.Сандаг-Очир сайд онцоллоо. 

COP31-ийн хэлэлцүүлгээр агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг метан, хар нүүрстөрөгч зэрэг бохирдуулагчийн ялгарлыг бууруулах, цэвэр технологи нэвтрүүлэх, уур амьсгалын санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудлыг хөндлөө.

Энэ хүрээнд сайд Ц.Сандаг-Очир нүүрснээс хамааралтай эдийн засагтай орнуудын хувьд цэвэр эрчим хүчний шилжилтийг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатайг тус хуралд онцлон дурдсан юм. Тэрбээр олон улсын хөрөнгө оруулалт, технологийн дэмжлэгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ шилжилтийн зардлыг иргэдийн амьжиргаанд нэмэлт дарамт болгохгүй байх нь чухал гэв.

Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!