Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөхөө мэдэгдсэн ч түүний бүрэн эрх шууд дуусгавар болохгүй. Хуулийн дагуу УИХ-ын 64-өөс доошгүй гишүүн дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгчийг чөлөөлж, шинэ төрийн тэргүүн сонгогдох хүртэл УИХ-ын дарга бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх хуулийн заалттай.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр (2026.11.17) өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөхөө мэдэгдлээ. Гэвч Ерөнхийлөгчийн бүрэн эрх мэдэгдэл хийсэн төдийд дуусгавар болохгүй. Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийн дагуу УИХ уг асуудлыг хэлэлцэж, нийт 126 гишүүний 64-өөс доошгүй гишүүн дэмжсэн тохиолдолд чөлөөлөх шийдвэр гаргана.
Төрийн тэргүүн У.Хүрэлсүх сүүлийн үед өөрийнх нь нэр холбогдсон мэдээлэлтэй холбоотойгоор “Монгол Улсад хүн засаглахгүй, хууль засаглана” хэмээн мэдэгдэж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгсний дараа хууль хяналтын байгууллагаар үнэн мөнийг тогтоолгон, нэр төрөө сэргээлгэхээ илэрхийлсэн юм.
Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө чөлөөлөхөд дараах хуулийн зохицуулалтууд үйлчилнэ.
УИХ Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэнэ
Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтаар Ерөнхийлөгчийг чөлөөлөх, огцруулах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг УИХ-д олгосон.
Мөн Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтад эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон Ерөнхийлөгч чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-д гаргаж, хүсэлтийг нь зөвшөөрсөн тохиолдолд бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болохоор тусгажээ.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 98.1, 98.2-т зааснаар Төрийн байгуулалтын байнгын хороо хүсэлтийг ажлын таван өдрийн дотор хэлэлцэж, санал, дүгнэлт гаргана. Улмаар УИХ-ын нэгдсэн хуралдаан ажлын таван өдрийн дотор ил санал хураалт явуулж, нийт гишүүний олонх дэмжвэл Ерөнхийлөгчийг чөлөөлөх тухай хууль баталсанд тооцно.
УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түр хэрэгжүүлнэ
Үндсэн хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, эсвэл хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд шинэ Ерөнхийлөгч сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь УИХ-ын дарга хэрэгжүүлэхээр заасан.
Иймд парламент У.Хүрэлсүхийг чөлөөлөх шийдвэр гаргавал төрийн тэргүүний бүрэн эрхийг УИХ-ын дарга түр хэрэгжүүлнэ.
Дөрвөн сарын дотор Ерөнхийлөгчийн сонгууль явуулна
Мөн Үндсэн хуулийн 37.2-т Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд УИХ шинэ Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулахаар зохицуулжээ.
Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх, албадан огцруулах нь ялгаатай
Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж, Үндсэн хууль болон бүрэн эрхээ зөрчсөн бол Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд үндэслэн УИХ хэлэлцэж, чуулганд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар огцруулахаар заасан.
Харин У.Хүрэлсүхийн мэдэгдсэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудалд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт шаардахгүй бөгөөд УИХ хуулиар тогтоосон журмаар шийдвэрлэнэ.
Ийнхүү Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох эсэх нь УИХ-ын шийдвэрээс хамаарах бөгөөд парламент чөлөөлөх тухай хууль батлахаас нааш төрийн тэргүүний бүрэн эрх хэвээр үргэлжилнэ.

