Gerelnews
Post

Соёл урлаг

2026, 11-р сар 17}

Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байна

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр буюу 2026 оны Арваннэгдүгээр сарын 17-нд тохиож байна.


Монголын уран зохиолд шинэчлэл авчирч, үндэсний хэл, соёл, шинжлэх ухаан, боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тэрбээр XX зууны Монголын оюуны амьдралын нэрт төлөөлөгчдийн нэг юм. Д.Нацагдорж 1906 оны энэ өдөр Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай хэмээх газар мэндэлжээ.

Тэрбээр бага наснаасаа бичиг үсэгт суралцаж, 1917 онд Цэргийн явдлын яаманд сурагч бичээчээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1921 оноос Ардын засгийн Цэргийн явдлын яаманд алба хаажээ. Улмаар Бүх цэргийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж, Монгол Улсын төр, нийгмийн шинэчлэлийн үйл хэрэгт оролцож байв. Д.Нацагдорж 1925 онд Ленинград хотын Цэргийн улс төрийн академид суралцаж, 1926 онд Герман улсад боловсрол эзэмшихээр явсан анхны монгол залуусын нэг болжээ. Тэрбээр Герман улсад байх хугацаандаа “Сурагчдын сэтгүүл”-ийг эрхлэн гаргаж, Европын утга зохиол, соёл, шинжлэх ухааны ололттой танилцсан нь түүний уран бүтээл, үзэл санааны төлөвшилд чухал нөлөө үзүүлсэн байна.

Д.Нацагдоржийн Монголын нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр уран зохиолоор хязгаарлагддаггүй. Тэрбээр 1925 онд Монголын хүүхдийн хөдөлгөөний анхны бүлгийг байгуулахад оролцож, хүүхдийн байгууллагын анхны сүлд дууны үгийг зохиожээ. Мөн төрийн захиргааны дүрэм боловсруулах, түүх, археологийн судалгаанд оролцох зэрэг ажилд хүчин зүтгэсэн байна. 1929 онд эх орондоо эргэн ирснийхээ дараа орчуулагч, сонины утга зохиолын ажилтнаар ажиллаж, 1931 оноос Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил эрхэлжээ. Улмаар 1933 онд “Монгол хэлний тайлбар толь” зохиох комиссын гишүүнээр томилогдож, 1935 онд тус хүрээлэнгийн Түүхийн тасгийн эрхлэгч, 1936 оноос Дуун ухааны тасгийн эрхлэгчийн үүргийг хавсран гүйцэтгэж байв.

Мөн түүний Монголын соёлын түүхэнд үлдээсэн хамгийн том өв нь орчин үеийн утга зохиолын хөгжилд оруулсан хувь нэмэр юм. Д.Нацагдорж үндэсний уран зохиолын уламжлалыг өрнийн зохиолын арга барилтай хослуулан, яруу найраг, үргэлжилсэн үг, жүжгийн зохиолын төрөлд шинэчлэл хийсэн. Түүний “Миний нутаг”, “Дөрвөн цаг”, “Од” зэрэг шүлэгт эх орны байгаль, монгол хүний ахуй амьдрал, үндэсний бахархлыг уран яруугаар дүрсэлсэн байдаг. Харин “Хуучин хүү”, “Харанхуй хад”, “Цагаан сар ба хар нулимс”, “Ламбугайн нулимс” зэрэг өгүүллэгт тухайн үеийн нийгмийн харилцаа, хүний зан чанар, хүсэл тэмүүлэл, амьдралын зөрчлийг бодитой, шүүмжлэлт өнгө аясаар харуулжээ. Эдгээр бүтээл нь Монголын орчин үеийн уран зохиолын сонгодог өвд зүй ёсоор багтдаг.

Түүнчлэн Д.Нацагдорж Монголын театрын урлагийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан. Түүний 1934 онд бичсэн “Учиртай гурван толгой” бүтээл анх жүжиг хэлбэрээр тайзнаа тавигдаж, 1942 онд хөгжимт жүжиг, 1950 онд дуурь болон тавигдсан. Мөн тэрбээр дэлхийн сонгодог уран зохиолын бүтээлүүдийг орос, герман хэлнээс монгол хэлнээ орчуулж, уншигчдад шинэ зохиол, уран сайхны сэтгэлгээг танилцуулахад хувь нэмэр оруулсан юм.

Д.Нацагдорж 1937 оны Долдугаар сарын 13-нд таалал төгссөн бөгөөд түүний бүтээл туурвил, эрдэм судлалын өвийг Монголын утга зохиол, соёлын түүхэнд онцгойлон үнэлсээр иржээ. Тухайлбал, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс 1964 онд Д.Нацагдоржийн нэрэмжит утга зохиолын шагналыг бий болгож, хоёр жил тутамд олгохоор тогтоосон нь түүний нэрийг үндэсний уран зохиолын хөгжилтэй холбон мөнхжүүлсэн шийдвэр болсон юм.

Монгол Улсын Засгийн газар 2026 оны Нэгдүгээр сарын 21-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг улсын хэмжээнд тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Ойн хүрээнд их зохиолчийн амьдрал, уран бүтээл, эрдэм шинжилгээний өвийг судлан сурталчлах, шинэ үеийн уншигчдад таниулахад чиглэсэн олон талт арга хэмжээ зохион байгуулж байна. Тухайлбал, Долдугаар сард Төв аймагт “Д.Нацагдорж 120” үзэсгэлэн дэлгэж, зохиолчийн түүхэн гэрэл зураг, архивын баримт, амьдрал, уран бүтээлээс нь сэдэвлэсэн дүрслэх урлагийн бүтээлүүдийг олон нийтэд танилцуулжээ.

Мөн 2026 оны Аравдугаар сарын 23-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Лайпцигийн их сургуульд Д.Нацагдорж болон Германы монголч эрдэмтэн Эрих Хэниш нарт зориулсан дурсгалын самбар, их зохиолчийн мэндэлсний 120 жилийн ойн шуудангийн маркийн нээлтэд оролцсон байна. Тус сургуульд мөн Д.Нацагдоржийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулжээ. Эдгээр арга хэмжээ нь их зохиолчийн Германд суралцаж байсан түүхийг Монгол, Германы боловсрол, соёлын харилцаатай холбон олон нийтэд таниулсан ач холбогдолтой үйл явдлууд юм.

Түүнчлэн Арваннэгдүгээр сарын 11-нд нээлтээ хийсэн “Мөнх тэнгэрийн бичиг-2026” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнг Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Үзэсгэлэнд Монгол Улс, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөр Монголын 200 гаруй уран бичээч бүтээлээ ирүүлжээ. Тус үзэсгэлэн Хүүхдийн урлан бүтээх төвд Арваннэгдүгээр сарын 29 хүртэл үргэлжлэх юм.

Үүнээс гадна ойн хүрээнд “Жаргаагүй нар” түүхэн драмын жүжиг дахин тоглогдож, ном, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, уншигчдын тэмцээн зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар төлөвлөжээ. Мөн Д.Нацагдоржийн зохиолын бүрэн түүврийг дахин хэвлэх, зохиолын хэлний толь бичиг, үгийн сангийн судалгаа болон аман түүхийн бүтээлүүдийг хэвлүүлэх ажлыг тусгасан байна.

Ийнхүү их зохиолчийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэх ажлууд нь түүний нэр алдрыг хүндэтгэхээс гадна утга зохиолын өвийг нь судалгааны эргэлтэд оруулах, бүтээлүүдийг шинэ үеийн уншигчдад хүртээмжтэй хүргэх, Монголын орчин үеийн уран зохиолын хөгжлийн түүхийг олон нийтэд таниулахад чиглэж байна.

Эх сурвалж: ШУА, ССАЖЗЯ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!