Gerelnews
Post

Эрүүл мэнд

2026, 11-р сар 12}

Долоо хоногт 2–3 цаг хурдан алхах нь ясны сийрэгжилтээс сэргийлэхэд тустайг судалгаагаар тогтоожээ

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

Долоо хоногт хоёроос гурван цаг хурдан алхах, хөнгөн гүйх зэрэг дасгал хөдөлгөөн хийх нь насжилттай холбоотой ясны эрдэс, нягтын бууралтыг удаашруулах боломжтойг эрдэмтдийн судалгаа харуулжээ.


The BMJ анагаах ухааны сэтгүүлд 2026 оны Есдүгээр сарын 9-нд нийтлэгдсэн судалгаанд 40 ба түүнээс дээш насны 18,429 хүнийг хамарсан, санамсаргүй хуваарилалттай 124 туршилтын үр дүнг нэгтгэн шинжилсэн байна. Судалгаагаар тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь бүсэлхийн нугалам, дунд чөмөгний хүзүү болон түнх орчмын ясны эрдэс, нягтыг хадгалахад эерэг нөлөө үзүүлэх боломжтойг тогтоожээ.

Судлаачид хурдан алхалт, хөнгөн гүйлт, аэробик, булчингийн хүч нэмэгдүүлэх эсэргүүцлийн дасгал буюу булчин чангалах дасгалыг болон бие сэтгэлийн уялдааг дэмжих дасгалын үр нөлөөг харьцуулсан байна. Үр дүнд нь хурдан алхах, хөнгөн гүйх нь ясны эрдэс, нягтыг хадгалахад үр дүнтэй байж болох бөгөөд аэробик болон эсэргүүцлийн дасгалыг хослуулах нь ялангуяа бүсэлхийн нугаламын ясны эрдэс, нягтад эерэг нөлөөтэй байжээ. Судалгааны тооцооллоор долоо хоногт ойролцоогоор 600 MET минут буюу хоёроос гурван цагийн хурдан алхалт, хөнгөн гүйлттэй дүйцэх хэмжээний хөдөлгөөн хийхэд ясны эрдэс, нягтад эмнэлзүйн ач холбогдолтой өөрчлөлт гарах боломжтой гэж үзсэн байна. Харин аэробикийн зарим хосолсон дасгал болон бие сэтгэлийн уялдааг дэмжих дасгал нь яс хугарах эрсдэлийг бууруулж болзошгүй ч баттай нотолгоо харьцангуй бага байгааг судлаачид тэмдэглэжээ.

Ясны сийрэгжилт нь ясны эрдэс, нягт болон бичил бүтэц алдагдсанаар яс хэврэгшиж, хугарах эрсдэл нэмэгддэг өвчин юм. Олон улсын ясны сийрэгжилтийн сангийн зөвлөмжид тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь яс, булчингийн хүчийг хадгалах, тэнцвэрийг сайжруулах, унаж бэртэхээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үздэг. Гэхдээ ясны сийрэгжилт оношлогдсон хүн зөвхөн дасгал хөдөлгөөнөөр эмчлэгдэхгүй бөгөөд хугарлын эрсдэлээс хамааран эмийн эмчилгээ, кальци болон Д аминдэмийн хангалттай хэрэглээ, уналтаас сэргийлэх арга хэмжээг хослуулах шаардлагатай байдаг байна. Ялангуяа өмнө нь яс хугарч байсан болон ясны сийрэгжилтийн хүнд хэлбэртэй хүмүүс дасгалын төрөл, ачааллыг мэргэжлийн эмчтэй зөвлөлдөн сонгох нь зүйтэй.

Эх сурвалж: The BMJ, 2026.09.09; International Osteoporosis Foundation.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!