Хүүхдийн тавхайн төрөлхийн болон олдмол согог нь хөдөлгөөн, алхах чадварт нөлөөлж, цаашлаад өдөр тутмын амьдралд хүндрэл учруулах эрсдэлтэй. Ийм төрлийн эмгэгийг эрт илрүүлж, тохирсон эмчилгээ хийх нь хүүхдийн хөдөлгөөний хэвийн хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой. Энэ чиглэлээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасгийн эмч нар Япон улсын Шагай, тавхайн мэс заслын нийгэмлэгийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, хүнд хэлбэрийн согогтой дөрвөн хүүхдэд мэс засал эмчилгээ хийжээ.
Хамтарсан үзлэг, мэс засал, сургалт 2026 оны Аравдугаар сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд энэ үеэр 0-18 насны нийт 10 хүүхдийг үзлэгт хамруулсан байна. Эмч нар хүүхдүүдийн тавхайн анатоми, үйл ажиллагааны байдлыг нарийвчлан үнэлж, онош тус бүрд тохирсон эмчилгээний төлөвлөгөө боловсруулжээ.
Мэс засалд төрөлхийн хоёр талын доод мөчдийн эпифизиодисплази, хоёр талын хөлийн эрхий хурууны гажилт, хүнд хэлбэрийн хавтгай тавхай, зүүн шилбэний төрөлхийн хуурамч үений согогтой хүүхдүүд хамрагдсан байна.
Хүүхдийн тавхайн согогийг эрт илрүүлэх нь чухал
Төрөлхийн тавхайн гажгийн нэг хэлбэр болох майга тавхай нь хүүхэд төрөх үед илэрдэг бөгөөд эмчилгээ хойшилсон тохиолдолд хэвийн алхах чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Японы Ортопедийн нийгэмлэгийн мэдээллээр уг эмгэгийн эмчилгээг ихэвчлэн гипсэн заслаар эхлүүлж, шаардлагатай тохиолдолд мэс заслын аргыг сонгодог байна. Мөн засагдсан байрлалыг хадгалахын тулд өсөлтийн хугацаанд чиг баригч хэрэглэх шаардлагатай байдаг аж. Иймээс хүүхдийн тавхайн согогийг зөвхөн мэс заслын аргаар засах бус, эрт оношилгоо, эмчилгээний дараах хяналт, нөхөн сэргээх тусламжтай уялдуулах нь чухал юм.



Олон улсын туршлагыг эмчилгээний практикт нэвтрүүлнэ
Энэ удаагийн хамтын ажиллагааны хүрээнд Японы мэргэжилтнүүд Монголын эмч нарт хүүхдийн тавхайн эмгэгийн оношилгоо, мэс заслын өмнөх болон дараах менежмент, нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр онол, практик хосолсон сургалт явуулжээ. Мөн эмнэлзүйн тохиолдлуудыг хэлэлцэж, эмчилгээний арга барил, туршлагаа солилцсон байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хувьд хүүхдийн дээд болон доод мөчдийн хүнд хэлбэрийн төрөлхийн согогийг эх орондоо эмчлэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр өмнө нь ч мэргэжилтнүүдийг гадаадад сургах, эмчилгээний шинэ арга нэвтрүүлэх ажлуудыг хэрэгжүүлж байсан удаатай. Тиймээс Монгол, Японы эмч нарын энэ удаагийн хамтын ажиллагаа нь хүүхдийн тавхайн согогийн оношилгоо, мэс заслын эмчилгээний туршлагыг нэмэгдүүлэхээс гадна эмчилгээний дараах хяналт, нөхөн сэргээх тусламж үйлчилгээг сайжруулахад чиглэж байгаагаараа ач холбогдолтой аж.



