Gerelnews
Post

Улс төр

2026, 11-р сар 11}

Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяаг интерполоор эрэн сурвалжилж, АНУ-д байгааг нь тогтоожээ

Л.АззаяаЛ.Аззаяа

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалай болон бусад гурван хүнд холбогдох 16.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй “Шинэ тойрог авто зам” төслийн тендертэй холбоотой хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2026.11.11/ боллоо. Энэ үеэр Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяаг Интерполын шугамаар эрэн сурвалжлахад АНУ-д байгаа нь тогтоогдсон талаар прокурор мэдээлсэн юм.


16.9 тэрбумын тендерт хамаарал бүхий компаниудыг шалгаруулсан гэх хэрэг

Т.Даваадалайг Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байхдаа “Шинэ тойрог авто зам” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах 16.9 тэрбум төгрөгийн тендерийн сонгон шалгаруулалтад нөлөөлсөн байж болзошгүй гэж шалгажээ.

Тодруулбал, тэрбээр төрсөн дүү Т.Мөнхдалай, төслийн удирдлагад ажиллаж байсан А.Ербол болон аж ахуйн нэгжийн захирал Н.Билгүүн нартай бүлэглэн тендерийн ажлын даалгаварт өөрчлөлт оруулж, хамаарал бүхий этгээдүүдэд ашигтай нөхцөл бүрдүүлсэн гэх хэрэгт холбогдоод байна.

Прокуророос тэднийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад нийт 5.2 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон, мөн гэмт хэргийн замаар олсон 2.6 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нуун далдалж, ашигласан буюу мөнгө угаасан гэж үзэн яллах дүгнэлт үйлджээ.

Эхнэр Б.Анхтуяагийн компаниудын дансаар 6.6 тэрбум төгрөг шилжсэн гэх мэдээлэл

Энэ хэргийн анхаарал татаж буй нэг асуудгал нь Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа болон түүний хамаарал бүхий хүмүүсийн байгуулсан компаниудын дансаар их хэмжээний мөнгө шилжсэн гэх мэдээлэл юм.

* Б.Анхтуяа болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанийн дансаар 5.6 тэрбум төгрөг

* Б.Анхтуяагийн найзын байгуулсан хоёр компанийн дансаар 709 сая төгрөг

* Б.Анхтуяагийн 50 хувийг эзэмшдэг компанийн дансаар 47.9 сая төгрөг шилжсэн байж болзошгүй гэжээ.

Эдгээр мөнгийг ажил гүйцэтгэсэн мэтээр шилжүүлсэн эсэх, ямар зориулалтаар ашигласныг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд шалгажээ.

Эхнэр Б.Анхтуяа АНУ-д байгаа нь интерполоор эрэн сурвалжлах үеэр тогтоогджээ

Өнөөдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр улсын яллагч, прокурор Г.Онон энэ талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяагаас тайлбар, мэдүүлэг авахаар мөрдөгч дуудсан боловч ирээгүй тул түүнд удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлсэн талаар хэлжээ. Улмаар түүний хаана байгааг тогтоохоор Интерполын шугамаар “Хөх булант” зар мэдээ гаргуулсан байна.

Үүний хариуд Б.Анхтуяа АНУ-д байгаа бөгөөд тус улсаас цагаачлал хүссэн баримт байгаа талаар Интерполын үндэсний төв товчооноос мэдээлсэн гэж прокурор мэдэгдэв. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны үеэр Б.Анхтуяа өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсын хилээр гарсан нь тогтоогдсон байна.

6.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ

Хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Даваадалай болон бусад холбогдогчийн нийт 6.2 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон мөнгөн хөрөнгийг битүүмжилж, хамгаалсан байна.

Хөрөнгө битүүмжлэх гэдэг нь тухайн хөрөнгийг худалдах, шилжүүлэх, захиран зарцуулах боломжийг хязгаарлаж, хэрэг шалгах болон хохирол нөхөн төлүүлэх ажиллагаанд зориулан хамгаалж байгаа гэсэн үг юм.

Т.Даваадалай шүүхэд 37 хавтас баримт гаргаж өгчээ

Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Т.Даваадалай өөрийн хэрэгтэй холбоотой гэж үзсэн 37 хавтас баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна. Тэдгээрт техник, эдийн засгийн үндэслэл, УИХ, Засгийн газрын тогтоол болон Нийслэлийн Засаг даргын шийдвэрүүд багтжээ. Харин шүүх уг баримтуудыг түүнд холбогдуулж буй үйлдэлтэй холбоогүй гэж үзсэн байна.

Мөн Т.Даваадалайн өмгөөлөгчдийн нэг нь эмчилгээ хийлгэхээр БНХАУ руу явах болсон, нөгөө нь урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох санал гаргаагүй гэх шалтгаанаар хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх хүлээн аваагүй бөгөөд хэлэлцүүлгийг үргэлжлүүлжээ.

Одоогоор уг хэрэгт холбогдох шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байна. Т.Даваадалай болон бусад холбогдогчийн гэм бурууг шүүхээр эцэслэн тогтоогоогүй бөгөөд тэднийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл гэм буруугүйд тооцох зарчим үйлчилнэ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!