Шүгэл үлээсэн иргэн болон түүний гэр бүлийн аюулгүй байдлыг хамгаалахад шаардлагатай төсөв, санхүүжилтийг харамлах шаардлагагүй гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн онцоллоо.
Засгийн газрын өнөөдрийн /2026.11.11/ ээлжит хуралдаанаар Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүгэл үлээгч гэдэг нь авлига, албан тушаалын хууль бус үйлдэл болон нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй зөрчлийн талаар холбогдох байгууллагад мэдээлсэн хүнийг хэлдэг. Хуулийн төсөлд ийм мэдээлэл өгсөн иргэний хувийн мэдээллийг нууцлах, дарамт шахалт, заналхийлэл, ялгаварлан гадуурхалтаас хамгаалах зохицуулалтыг тусгажээ.
Түүнчлэн шүгэл үлээгч болон түүний хамаарал бүхий хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирсан тохиолдолд хамгаалалтын арга хэмжээг нэн даруй авахаар тусгасан байна. Нийт 26 зүйлтэй уг хуулийн төсөлд мэдээлэгчид нөхөн төлбөр, урамшуулал олгох, хамгаалалтын санхүүжилтийг шийдвэрлэх асуудлыг мөн тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар хууль бус үйлдлийг мэдээлсэн иргэдийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэж, авлига, ашиг сонирхлын зөрчлийг илрүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Одоогоор энэ нь хуулийн төсөл бөгөөд УИХ-аар хэлэлцэн баталсны дараа хүчин төгөлдөр болно.

