Засгийн газрын өнөөдрийн /2026.11.11/ хуралдаанаар “Шинэ цагийн малчин” аяныг улсын хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталлаа. Аяныг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд эхний шатанд буюу 2026-2027 онд малчдыг өвөл, хаврын хүндрэлийг бага эрсдэлтэй даван туулахад дэмжлэг үзүүлнэ.
Энэ хүрээнд малын тэжээлийн дэмжлэг үзүүлэх, тэжээлийг зөв зохистой хэрэглэх талаар малчдад мэдээлэл өгөх, сайн туршлагыг түгээхээр төлөвлөжээ. Мөн хөдөө орон нутгийн интернэтийн сүлжээг сайжруулж, цаг агаар болон бусад эрсдэлийн үед мэдээллийг шуурхай авах боломж бүрдүүлэх юм.
Харин хоёрдугаар шатанд малын ашиг шим, мал аж ахуйн бүтээмжийг нэмэгдүүлэх, малчдын орлогыг тогтвортой өсгөх, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах арга хэмжээ хэрэгжүүлэх аж.
Засгийн газар уг аяны үр дүнд малчдын орлого нэмэгдэж, иргэдийг эрүүл хүнсээр хангах нөхцөл сайжирна гэж үзэж байна. Мөн инфляцын дарамтыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, бэлчээрийг зохистой ашиглахад эерэг нөлөө үзүүлэхээр тооцжээ.

