Монгол Улсад сүүлийн 10 жилд сурагчдын тоо 53.2 хувиар өссөн бол багшийн тоо 37.3 хувиар нэмэгдэж, нэг багшид ногдох хүүхдийн тоо 18.8-аас 21 болж өсжээ. Боловсролын салбарын хүний нөөцийн хүрэлцээ, багшийн мэргэжлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг Аравдугаар сарын 15-нд болсон нээлттэй хэлэлцүүлгээр хөндлөө.
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очирын мэдээлснээр, 2025–2026 оны хичээлийн жилийн төгсгөлд улсын хэмжээнд 3,954 багшийн сул орон тоо бүртгэгджээ. Үүний 76 хувь буюу ойролцоогоор 3,005 нь багш нар хүүхэд асрах чөлөө авсан, тэтгэвэрт гарсан болон өөр сургууль, байгууллагад шилжсэнтэй холбоотой аж. Харин үлдсэн 24 хувь буюу 949 орчим орон тоо нь сурагчдын тоо нэмэгдсэнээс шалтгаалан шинээр багш ажиллуулах хэрэгцээ үүссэнтэй холбоотой байна.
Харин УИХ-ын гишүүн, Боловсролыг дэмжих лобби бүлгийн ахлагч Ж.Галбадрах улсын хэмжээнд 6,354 багш дутагдалтай гэсэн тооцоо танилцуулжээ. Тэрбээр багш нарыг илүү цагаар ажиллуулах, тэтгэвэрт гарсан багш болон оюутнуудыг ажиллуулах зэргээр дутагдлыг нөхөж байгаа нь бодит хомсдолыг бүрэн тодорхойлоход хүндрэл учруулж байгааг онцолсон байна.
Ямар мэргэжлийн багш хамгийн их хэрэгтэй байна вэ?
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр байгаа аж. Харин сургуулийн өмнөх боловсрол, бага анги болон нийгмийн ухааны зарим чиглэлд багшийн илүүдэл үүсэх төлөвтэй байгааг Т.Ням-Очир мэдээлжээ.
Энэ нь багшийн хомсдолыг зөвхөн нийт тоогоор хэмжих боломжгүйг харуулж байна. Тодруулбал, нэг чиглэлээр багшийн илүүдэл үүсэж байхад нөгөө чиглэлд сул орон тоо нөхөгдөхгүй байх нөхцөл бий. Иймээс багш бэлтгэх сургалтын чиглэл, төгсөгчдийн тоо болон сургуулиудын бодит хэрэгцээг уялдуулах шаардлага тулгарч байна.

Багшийн хомсдлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Хэлэлцүүлгийн үеэр багшийн эрэлт, нийлүүлэлтийг уялдуулах нэгдсэн цахим систем бий болгох, багш бэлтгэх сургалтын чанарыг сайжруулах, шинээр төгсөгчдийг ажлын байранд дадлагажуулах тогтолцоог хөгжүүлэх саналууд гарчээ. Мөн багшийн мэргэжлээр суралцах өндөр оноотой элсэгчдийг дэмжих, багш мэргэжлээр төгссөн ч мэргэжлээрээ ажиллахгүй байгаа хүмүүсийг салбарт эргэн татах, орон сууц болон нийгмийн баталгааг сайжруулах асуудлыг хөндсөн байна.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан багшийн асуудлыг зөвхөн орон тооны хүрээнд бус, багш бэлтгэх тогтолцоо, ажлын байран дахь тасралтгүй хөгжил, ур чадвар, бүтээмжид суурилсан үнэлгээ, цалин хөлсний бодлоготой уялдуулан шийдвэрлэх шаардлагатайг онцолжээ.
Ийнхүү багшийн хомсдол нь зөвхөн сул ажлын байр нөхөх асуудал биш бөгөөд ямар мэргэжлийн багш бэлтгэх, тэднийг ажлын байранд тогтвортой ажиллуулах, сургуулиудын хүний нөөцийн хэрэгцээг урьдчилан тооцох бодлоготой шууд холбоотой байна.

