Томуугийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн 150 өрхийн эрүүл мэндийн төв болон дөрвөн тосгоны эрүүл мэндийн төв аравдугаар сарын 17, 18, 24, 25-нд 11:00–16:00 цагт ажиллаж, хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинд хамруулна. Эмнэлэгт очих боломжгүй айлын хүүхдэд эмч, сувилагч нарын явуулын баг гэрээр очиж вакцин хийнэ.
Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 90 гаруй хувьд хүрчээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатарын мэдээлснээр, нийслэлд томуугаар өвчлөгсдийн 60 хүртэлх хувийг 0–6 насны хүүхдүүд эзэлж байна. Мөн томуугийн хүндрэл, эмнэлэгт хэвтэлтийн 80 гаруй хувь нь энэ насныханд тохиолдож байгаа аж.
Зорилтот бүлгийн 0–6 насны 29,315 хүүхдийг томуугийн эсрэг вакцинд хамруулна
НЭМГ-ын дарга Н.Наранбаатар: Сүүлийн гурван жилийн дунджаар томуугийн дэгдэлт арваннэгдүгээр сарын 19–24-нд оргил үедээ хүрч байсан. Энэ үеэр эмнэлгийн дуудлага 325-аас 1,592 орчим болж, тав дахин нэмэгдсэн. Энэ жил ч мөн тухайн хугацаанд дэгдэлт эрчимжих төлөвтэй байна.
Вакцинжуулалтыг зохион байгуулах хүрээнд харьяа өрхийн эрүүл мэндийн төвөөс бага насны хүүхэдтэй айлуудтай утсаар холбогдох юм. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ өрхийн эмнэлэгтээ авч очин вакцинд хамруулах боломжтой бөгөөд очих боломжгүй тохиолдолд явуулын баг гэрээр үйлчилнэ.
Түүнчлэн ханиад, томууны үед өрхийн эмнэлгээс үзүүлэх гэрийн эргэлтийг 60 хувьд хүргэхээр ажиллаж байгаа гэв.

