Үндэсний статистикийн хорооны хамгийн сүүлд нийтэлсэн 2025–2026 оны хичээлийн жилийн мэдээллээр Монгол Улсын бүх шатны сургалтын байгууллагад нийт 56,853 үндсэн багш ажиллажээ.
Тэдний 46,753 буюу 82.2 хувь нь эмэгтэй, 10,100 буюу 17.8 хувь нь эрэгтэй байв. Өөрөөр хэлбэл, нийт үндсэн багшийн арван хүн тутмын 2 нь эрэгтэй байжээ.
Боловсролын түвшнээр авч үзвэл ерөнхий боловсролын сургуульд хамгийн олон буюу 39,126 багш ажилласан бол сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 10,298, дээд боловсролын сургалтын байгууллагад 5,266, техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллагад 2,163 багш ажиллажээ. Мөн нэг багшид ногдох хүүхдийн тоо сургуулийн өмнөх боловсролд 25.1, ерөнхий боловсролд 21.0, техникийн болон мэргэжлийн боловсролд 19.2, дээд боловсролд 30.7 байсан байна.
Багшаар ажилласан хугацаагаар нь авч үзвэл бүх шатны сургалтын байгууллагад 1–5 жил ажилласан 16,068 багш байсан нь нийт багшийн 28 орчим хувийг эзэлжээ. Харин 26 болон түүнээс дээш жил ажилласан 6,503 багш байна. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн багш нараас 11,144 нь 1–5 жил, 7,742 нь 6–10 жил, 4,759 нь 26 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байжээ.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо, 1212.mn

