Монгол Улсын сурагчид 2026 онд математик, физик, хими, биологи, газар зүй, мэдээлэл зүй, хиймэл оюун ухаан, техник, технологийн чиглэлээр зохион байгуулагдсан олон улсын 11 олимпиадад эх орноо төлөөлөн оролцож, нийт 36 медаль болон тусгай байр эзэлжээ.
Олон улсын хэмжээний олимпиадуудад амжилт үзүүлсэн тус сурагчид болон тэднийг бэлтгэсэн олимпиадын хороодод Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэрэмжит шагнал гардуулж, баяр хүргэсэн байна.
Энэ нь олон улсын олимпиадад оролцож буй монгол сурагчдын амжилтыг дэмжих, шинжлэх ухаан, оюуны салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой бодлогын хүрээнд хэрэгжиж буй арга хэмжээ юм. Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 онд сурагчдыг олон улсын олимпиадад оролцох боломжийг нэмэгдүүлэх, амжилтыг нь урамшуулах чиглэлээр Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн зарлиг гаргаж байжээ.

2026 оны олимпиадын дүнгээс харахад монгол сурагчид шинжлэх ухааны олон чиглэлээр амжилт гаргаж, алт, мөнгө, хүрэл медаль хүртэхийн зэрэгцээ тусгай байруудад шалгарсан байна. Тэр дундаа математик, физикийн олимпиадуудад олон тооны медаль хүртсэн бол газар зүй болон техник, технологийн төрлөөс алтан медаль хүртжээ.
Газар зүй болон нисэх загварын төрлөөс алтан медаль хүртэв
Энэ жилийн онцлох амжилтын нэг нь олон улсын газар зүйн олимпиад байлаа. Тус олимпиадад “Гёте” сургуулийг төлөөлөн оролцсон Аянбекийн Амина алтан медаль хүртсэн байна.
Мөн техник, технологийн чиглэлийн нисэх загварын олимпиадад “Шинэ зуун билиг” сургуулийн Батпүрэвийн Баясгалан тэргүүлж, Монголын багийн хоёр дахь алтан медалийг хүртжээ.
Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид дэлхийн тэргүүлэх их, дээд сургуулиудад элсэн суралцах боломжтойгоос гадна “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой юм.






