Gerelnews
Post

Улс төр

2026, 10-р сар 01}

15 давхрынхан яллагдагчаар татагдаад, сүүлчийн сумаа тавьж байна

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

Ерөнхий сайд Н.Учралыг Япон дахь айлчлалаас үүр шөнөөр ирсний өглөө нь жагсаал болж байна.


Жагсаалын утга санааг илэрхийлж, ярилцлага өгч байгаа нэгэн дүр “Mongol Khan” жүжгийн лого бүхий малгай өмсчихжээ. Мөн жил гаруй хугацаанд жагсагчийн дүрээр нэгэнтээ танигваад буй “Miu Miu” брэндийн ногоон нүдний шилтэй эмэгтэй ч ирсэн байна. Гэхдээ энэ удаад өөр шил зүүчихэж.

Тэдний зүгээс шатахууны үнэ, хомстолын асуудлаар эсэргүүцлээ илэрхийлж, машинтай хүмүүс нь Сүхбаатарын талбайн ойролцоо зогсож байгаа. 10.00 цагт эхэлнэ гэсэн цаг хугацаа мэдээлэгдсэн ч одоогийн байдлаар жагсагчид төдийлөн олон болоогүй байна. Мөн ТЦА-наас төв замыг түр хаах шийдвэр авчээ.

Улс төрийн хүрээнд, энэ жагсаал төлбөртэй, зохион байгуулалттай гэдэг мэдээлэл хэд хоногийн өмнөөс яригдаж байлаа. Ямар ч удирдагчгүй, жагсах тухай анхдагч мэдээлэл хаанаас гарсан нь тодорхойгүй. Гэв гэнэт л нэр бүхий мэдээллийн сайтуудаар яг ижилхэн “Маргааш 10.00 цагт жагсахыг дэмжих үү” гэсэн агуулгатай постер түгж эхэлсэн.

Аливаа жагсаалд анхны санаачлагч гэж байх ёстой. Төв зам дээр машинаа хаяж зогсъё, эсэргүүцлээ илэрхийлье, 10.00 цагт эхэлье (өдөр нь яг Н.Учралыг Японоос ирсний маргааш таарах жишээтэй) гэдгийг хэн санаачилж, тэр нь өндрөө авч, улмаар хэвлэл мэдээллийн сайтууд мэдээ болгож эхэлсэн бэ? Энэ одоо ч олдохгүй байна.

Энэ жагсаалын цаана МАН дахь 30-ын бүлэг өндөр оролцоотой гэж хардагдсан. Зарим эх сурвалжууд ч үүнийг бататгаад өглөө.

Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, “Хэро”-гийн Б.Баатар гурав ерөнхий зохион байгуулалтад нөлөөлсөн байж болзошгүй дүр зургууд өчигдөр ч, өнөөдөр ч харагдаж байгаа юм. Товчхондоо, энэ гурав хуулийн байгууллагад яллагдагчаар татагдсан мэдээлэл бий. “Хэро”-гийн Б.Баатар гэхэд хилийн хоригтой байгаа.

38-ын талтай ойлголцох гэж тэдний зүгээс оролдсон. ХЗДХ-ийн сайдыг нь томилуулахгүй янаглан хорлож, дараа нь Д.Амарбаясгалан тэргүүтнүүд Н.Учралын өрөөнд орж уулзсан. Тэглээ ч юмс тэдэнд ээлтэйгээр эргэсэнгүй. Одоо сүүлдээ ялтан болохдоо тулчихлаа. Тийм ч учраас яахын аргагүй нэг талдаа гарч аваад, ард иргэдээс орогнол хүсэхдээ тулсан бололтой.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд ажлаа өгснөөс хойш анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгөхдөө, 21 аймаг тойрч, хувьсгал тэмцэлд уриалж чадна хэмээн ам шүд алдсан удаатай билээ.

Дугуй дугуйгаа олж нийлнэ гэгчээр “Женко” Х.Баттулга ч өнөөдрийн жагсаалд оролцоотой тухай жиг жуг хийх болов.

Өнөөдрийн шатахууны хомстол бол хулгай, луйвар, авлига биш. Энэ бол геополитикийн нөхцөл байдал. Биднээс дор нөхцөлд орчихсон улс орон зөндөө. Өөрсдөө үнийн хөөрөгдөлтэй, олдоцгүй байгаа ОХУ-аас боломжийн хэрээр ачиж ирээд л, бусад улс орнуудаас гарц олоод л, яаж ийгээд ор бензингүй болчихгүй, дугаарлаж чадсан нь мөнгөө төлөөд авчих боломжтой байдалд байна. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь хэлдгээр “Амаргүй нөхцөл байдал”.

Гэвч үнэнхүү асуудал хууль хяналтын байгууллагад шилжээд ирэхээр эцсийн сумаа тавьж байна уу гэлтэй.

Ард түмэн жагсаал үнэнээсээ юу, худлаагаасаа юу гэдгийг таньдаг мэддэг болтлоо ухаажсан, хэрсүүжсэн гэдгийг санууштай.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!