Жирэмсэн эмэгтэй эрүүл, тэнцвэртэй хооллож, эмч, эрүүл мэндийн ажилтны зөвлөсөн аминдэм, эрдсийн бэлдмэлийг тогтмол хэрэглэх нь чухал.
Жирэмсэн үед эхийн бие махбодын өөрчлөлт болон ургийн өсөлт, хөгжилтэй холбоотойгоор зарим аминдэм, эрдсийн хоногийн хэрэгцээ жирэмсэн бус үеийнхээс 8–50 хувиар нэмэгддэг байна. Тухайлбал, фолийн хүчлийн хэрэгцээ 50, төмрийнх 50, иодынх 47, В6 аминдэмийнх 46 хувиар нэмэгддэг гэж жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан хоол тэжээлийн зөвлөмжид дурджээ.
Эдгээр бичил тэжээл нь эх, ургийн эрүүл мэндэд өөр өөр үүрэгтэй. Тухайлбал, төмөр нь цус төлжилтөд оролцож, эх болон ургийн эд, эсэд хүчилтөрөгч хүргэхэд шаардлагатай. Харин фолийн хүчил нь ургийн тархи, мэдрэлийн гуурсны хэвийн хөгжлийг дэмждэг.
Иймээс жирэмсэн үед олон нэр төрлийн, тэжээллэг хүнс бүхий эрүүл, тэнцвэртэй хооллолтыг хэвшүүлэхийн зэрэгцээ эмч, эрүүл мэндийн ажилтны зөвлөсөн аминдэм, эрдсийн бэлдмэлийг тогтмол хэрэглэхийг зөвлөж байна. Жирэмсний олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл нь 10 төрлийн аминдэм, 5 төрлийн эрдэс агуулдаг бөгөөд жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхийн хэрэгцээнд нийцүүлэн боловсруулжээ.
Эх сурвалж: Жирэмсэн үеийн эрүүл хооллолт: Хоол тэжээлийн зөвлөгөө, 2026 он.

