Gerelnews
Post

Нийгэм

2026, 11-р сар 13}

ЗАЙНААС АЖИЛЛАХ ЭРИН ДУУСАХ УУ?

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

COVID-19 цар тахлын үеэр өргөн дэлгэрсэн зайнаас ажиллах хэлбэр ажилтнуудын цагийг хэмнэж, ажлын уян хатан нөхцөлийг бүрдүүлсэн ч хамтын ажиллагаа, бүтээлч сэтгэлгээ, мэргэжлийн хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.


The Economist сэтгүүл 2026 оны Арваннэгдүгээр сарын 5-ны нийтлэлдээ зайнаас ажиллахын үр нөлөөг дахин үнэлэх шаардлага үүссэнийг хөнджээ. Эдийн засагч Natalia Emanuel, Emma Harrington нарын судалгааны бүтээлд ажилтнууд нэг орчинд хамтран ажилласнаар мэдлэг, туршлагаа солилцож, шинэ санаа боловсруулах илүү өргөн боломж бүрддэгийг онцолсон байна.

Ажлын байран дахь өдөр тутмын харилцаа, төлөвлөөгүй уулзалт, санал солилцох үйл явц нь бүтээлч сэтгэлгээ, хамтын шийдвэр гаргалтад чухал нөлөөтэй байдаг байна. Тухайлбал, Microsoft компанийн АНУ дахь 61 мянга гаруй ажилтнаа хамруулсан судалгаагаар бүтэн цагаар зайнаас ажиллах үед баг, хэлтэс хоорондын харилцаа багасаж, мэдээлэл солилцох боломж хумигдсан нь тогтоогджээ. Энэ нь ажилтнууд бие биеэсээ суралцах, шинэ мэдлэг эзэмших, хамтын ажиллагаанд тулгуурлан асуудал шийдвэрлэхэд хүндрэл учруулж болзошгүйг харуулж байна. Түүнчлэн ажлын байр нь зөвхөн ажил үүргээ гүйцэтгэх орчин бус, мэргэжлийн харилцаа тогтоох, хамт олны уур амьсгалыг бүрдүүлэх чухал орон зай болохыг судлаачид тэмдэглэжээ.

Гэхдээ зайнаас ажиллах хэлбэрийг бүрэн зогсоох нь тийм ч оновчтой шийдэл биш. Учир нь Nature сэтгүүлд 2024 онд нийтлэгдсэн, Хятадын технологийн компанийн 1612 ажилтныг хамруулсан туршилтаар долоо хоногт хоёр өдөр гэрээсээ ажиллах боломж олгоход ажилтнуудын сэтгэл ханамж нэмэгдэж, ажлаас гарах хувь 33 хувиар буурсан бөгөөд ажлын гүйцэтгэлд сөрөг нөлөө ажиглагдаагүй байна.

Иймээс зайнаас ажиллах хэлбэрийг бүрмөсөн халж, бүх ажилтныг оффист ажиллуулахын оронд ажлын бүтээмж, хамтын ажиллагаа болон ажилтнуудын хэрэгцээг харгалзсан хосолмол байдлаар ажлын цагийг зохицуулах нь илүү үр дүнтэй байж болохыг дээрх судалгаанууд харуулж байна.

Эх сурвалж: The Economist

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!