Gerelnews
Post

Улс төр

2026, 9-р сар 15}

О.Цогтгэрэл явуургүй улс төрд намынхнаа “хүчиндэж” байна

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

УИХ-ын намрын ээлжит чуулган нээсэн өдөр Ардчилсан намынхан өмнөө “Ерөнхий сайд Н.Учрал итгэл үзүүлэх тогтоол оруулж ир” гэсэн бичигтэй лоозон байршуулжээ. Намрын чуулганыг акцтайгаар, улс төртэйгөөр эхлүүлж байгаа нь сөрөг хүчний хувьд сайхан л харагдаж байна.


Гэхдээ энэ улс төр явуургүй юм. Явуургүйгээс гадна Ардчилсан намынхан бүгд бултаар нэгдсэн гэж ойлгох боломжгүй юм.

Өчигдөр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайдыг огцруулна, холбогдох бичигт гишүүд нь гарын үсэг зураад явж байгаа гэж ам шүд алдсан. Гэвчиг дотооддоо тийм бичиг огт байхгүй, санаачлагдаагүй, гар хөлийн үсгээ зурсан хүн байхгүй гэдгийг эх сурвалжууд өгүүлж байсан. Сэтгүүлч тулган асуухад ч О.Цогтгэрэл тойруулж булзааруулан өнгөрүүлсэн.

Харин аль хавар цэрэг нас барсан асуудлаар Д.Батлутыг Батлан хамгаалахын сайдаас огцруулах тухай бичиг л байгаа гэгдэв. Үүнд нэр бүхий гишүүд нэгдсэн удаатайгаас биш нам дотроо Ерөнхий сайдыг огцруулах агуулгыг хэчнээн тулгаад өндөр авхуулж чадсангүй бололтой.

Энэ нь Ч.Лодойсамбуу зэрэг хэд хэдэн гишүүдийн үгээс тодорхой болсон. Өнөөдөр Н.Учралыг бүр 30-ын бүлгийн толгойлогч Л.Оюун-Эрдэнэ өөрөө дэмжиж байгаа, огцруулбал буруу гэсэн байр суурийг илэрхийлчихлээ. Тэгээд ч Н.Учрал огцорвол Засгийн газар хоёр жил хүрэхгүй хугацаанд гурав солигдоно гэсэн үг. Энэ бол хямрал. Засаглаж чадна гээд сонгуульд олонхын санал авчихаад ийм байдлаар толхилцож байгаа нь МАН ямар ч чадавхгүй болсны илрэл. Дараа дараагийн сонгуульд ялалт байгуулах боломжоо алдахын цондон. Ийм байдлыг Ерөнхийлөгчийн институтээс ч хүлээн зөвшөөрөхгүй. Явуургүй улс төр гэдэг нь ийм учиртай.

Явуургүй явуургүй дундаа итгэл үзүүлэх тогтоол шаардсан нь бүр сонирхолтой. Ийм асуудал Үндсэн хуульд заагдсан байдаг ч Л.Оюун-Эрдэнээс өөр Ерөнхий сайд ашигласан удаа түүхэнд байхгүй. Үндсэндээ Л.Оюун-Эрдэнийн огцорсон процесс итгэл үзүүлэх тогтоолд үндэслэн явагдсан. Гишүүдийн олонх тогтоолыг батлахгүй бол Ерөнхий сайд огцордог хуультай.

Харин Н.Учрал ийм тогтоол өргөн баривал өнөөгийн нөхцөлд гишүүд олонхоор дэмжих нь тодорхой. МАН-ын гишүүд намын даргынхаа эсрэг кнопдох хэмжээний нөхцөл хараахан үүсчихээгүй байна. Санал хураалтын үеэр заалны уур амьсгалыг эргүүлж чадна гэж гэнэн цагаанаар итгэж тооцоогүй л бол энэ боломжгүй. Харин өнгөн талдаа АН сөрөг хүчин шиг харагдах имижийн ач холбогдолтой тул намынхан нь О.Цогтгэрэлийн санааг арга буюу дэмжсэн гэж уншигдаж байна.

О.Цогтгэрэлийн хувьд намын даргаар сонгогдохдоо ҮБХ доторх фракцуудын эрх ашгийг хангаж чадах дүр зураг үүсгэсэн. Гэвчиг түүний цаана анхны угшил Женко нь, тэгээд 15 давхрынхан холдсонгүй. Аль эрт намын даргаа өгнө барина гэж мэдэгдчихээд одоог хүртэл гүрийж байгаа нь Ардчилсан намынханд өдий төдий таалагдахгүй яваа. Л.Оюун-Эрдэнийн огцорсон итгэл үзүүлэх тогтоолыг тулгаж байгаа нь дахиад л 15 давхрын санаа шиг уншигдаж, харагдаж байх жишээтэй.

Энэ маягаараа явбал Ардчилсан намынхан Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө нэгдэж нягтарч чадахгүй. О.Цогтгэрэлийг эсэргүүцсэн эсэргүүцэл эрчээ авч, хагарч бутарч, сөрөг хүчин өнгөрсөн жилүүдэд туулсан гашуун замаа давтах болно. Хоёр даргатай болдог, хоёр өөр газар даргын сунгаа явагддаг, хуучин дарга нь тамгаа аваад зугтдаг асуудал тэдэнд бий юу бий.

Эгзэгтэй үед дөргүй бух шиг аашлахын оронд намаа бодоосой, О.Цогтгэрэл.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!