Gerelnews
Post

Улс төр

2026, 11-р сар 06}

У.Хүрэлсүх:Шатахууны түгээлтийг зориудаар тасалдуулж байгаа эсэхийг шалгахыг үүрэг болголоо

С.СумхүүС.Сумхүү

ОХУ-аас шатахууны нийлүүлэлт үргэлжилж, арваннэгдүгээр сард 70 мянган тонн нийлүүлэхээр баталгаажуулсан ч дотоодын түгээлтэд хүндрэл үүсээд байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түгээлтийг улс төр, бизнесийн ашиг сонирхлоор зориудаар тасалдуулж байгаа эсэхийг шалгах чиглэл өглөө.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нефтийн бүтээгдэхүүн, түлш, шатахууны нийлүүлэлт, түгээлтийн асуудлаар холбогдох сайд нар болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай шатахууны нийлүүлэлтийг тогтвортой байлгахаар ярилцаж, тохиролцсон. ОХУ дотооддоо хүндрэлтэй байгаа ч уг тохиролцооны дагуу Монгол Улсад нийлүүлэлтээ тасралтгүй нийлүүлж байгаа гэв. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээлснээр, ОХУ-аас аравдугаар сард 57 мянган тонн шатахуун нийлүүлсэн бөгөөд арваннэгдүгээр сард 70 мянган тонн нийлүүлэхээр баталгаажуулжээ. Харин Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний жилийн хэрэглээ сүүлийн дөрвөн жилд 1.7 сая тонноос 3.1 сая тонн болж өссөн байна.

Шатахууны шуурхай штабын арваннэгдүгээр сарын 3-ны мэдээллээр АИ-92 автобензиний 10, дизель түлшний 28 хоногийн нөөцтэй байсан ч вагон-цистерний эргэлт, агуулахын багтаамж болон өвлийн түлшний шилжилтээс шалтгаалан түгээлтэд хүндрэл үүсжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нефтийн бүтээгдэхүүн, түлш, шатахуун бол хэсэг бүлэг хүний улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоо хангах хэрэгсэл биш” хэмээн мэдэгдэж, шатахууны зах зээлийн төвлөрлийг бууруулах, нийлүүлэлт, түгээлтийг ил тод болгох, шударга өрсөлдөөнийг хангахыг үүрэг болголоо. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!