Gerelnews
Post

Нийгэм

2026, 9-р сар 10}

Аравдугаар сарын 1-нээс хүүхдүүдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

С.СумхүүС.Сумхүү

Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах ажил аравдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд эхэлнэ. Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын 8-ны өдрийн 301 дүгээр тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх уг үзлэгт 2026-2027 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын 53,598 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч буюу нийт 324,287 хүүхдийг хамруулахаар төлөвлөжээ.


Үзлэгийг хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилан зохион байгуулах бөгөөд боловсрол, эрүүл мэндийн мэргэжлийн байгууллага, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, анхан шатны эрүүл мэндийн байгууллага болон сургууль, цэцэрлэгүүд хамтран ажиллана. Үзлэгийг хоёр үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Хүүхдүүдийг ямар үзлэгт хамруулах вэ?

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр энэ удаагийн эрт илрүүлэг нь хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцсэн иж бүрэн үнэлгээ хийхэд чиглэж байна. Тухайлбал, хүүхдийн өсөлт хөгжил, харааны чадал болон харааны эмгэг, зүрхний цахилгаан бичлэгт суурилсан үнэлгээ, нурууны муруйлт, хавтгай тавхай, хөгжлийн хоцрогдол, аутизмын хүрээний эмгэгийн эрсдэл зэргийг илрүүлнэ. Мөн өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийг стандарт аргачлалаар үнэлэх юм.

Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн наймдугаар сард улсын хэмжээнд хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийн сургагч багш нарыг бэлтгэсэн байна. Дөрвөн өдрийн сургалтад 21 аймаг, 9 дүүргийн хүүхдийн эмч нар хамрагдаж, үзлэгийг нэгдсэн аргачлалаар зохион байгуулах, эрсдэлийг үнэлэх, мэдээллийг стандартын дагуу бүртгэх, шаардлагатай тохиолдолд дараагийн шатлалын тусламж, үйлчилгээнд холбон ажиллах ур чадвар эзэмшжээ.

Эрүүл мэндийн эрт илрүүлгийг сургууль, цэцэрлэгт суурилуулна

Энэхүү арга хэмжээ нь хүүхдийг өвчилсний дараа эмчлэхээс илүүтэй эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж үйлчилгээнд цаг алдалгүй холбох зорилготой.

Монгол Улс 2022 оноос хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулж эхэлсэн. Эрүүл мэндийн яамны мэдээллээр 2022 оны тавдугаар сарын 1-нээс 2023 оны гуравдугаар сарын 30-ны хооронд улсын хэмжээнд 932,069 хүн эрт илрүүлэгт хамрагдсанаас 62 хувь нь 0-17 насны хүүхэд байжээ.

Харин 2026-2027 оны хичээлийн жилээс хүүхдийн эрт илрүүлгийг сургууль, цэцэрлэгт суурилан илүү тогтолцоотой зохион байгуулахаар болж байна. Ингэснээр хүүхдийн бие бялдар, хараа, зүрх судас, тулгуур эрхтэн, хөгжил болон сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийг насны онцлогт тохирсон аргачлалаар эрт илрүүлэх боломж бүрдэнэ гэв. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!