АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп наймдугаар сарын 28-нд Венесуэлийн 17 газрын тосны ордыг хөгжүүлэх хүрээнд 65 тэрбум гаруй баррель батлагдсан нөөцөд Америкийн тал дийлэнх хяналт тогтоох тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ. Тус тохиролцоог АНУ-ын хувийн компаниуд болон Венесуэлийн талын хамтарсан бүтэц хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Венесуэлийн түр Ерөнхийлөгч Делси Родригесийн мэдээлснээр уг төсөл нь 17 стратегийн ордыг хөгжүүлж, газрын тосны олборлолтыг өдөрт 1.5 сая баррельд хүргэх зорилготой бөгөөд тус улс ойролцоогоор 209 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлэх боломжтой гэж тооцжээ.
АНУ-ын талын мэдээллээр уг тохиролцоонд ойролцоогоор 100 тэрбум ам.долларын хувийн хөрөнгө оруулалт татах, Венесуэлийн доройтсон газрын тосны дэд бүтцийг шинэчлэх зорилт багтаж байна. Мөн Трамп Венесуэлийн газрын тосыг АНУ-ын стратегийн газрын тосны нөөцийг нөхөхөд ашиглана гэж мэдэгдсэн.
Гэхдээ тохиролцооны эрх зүйн болон санхүүгийн нарийн нөхцөл одоогоор бүрэн ил болоогүй байна. Reuters-ийн мэдээлснээр Венесуэлийн газрын тосны салбарын дэд бүтэц, эрчим хүчний сүлжээ, экспортын хүчин чадал зэрэг асуудал олборлолтыг богино хугацаанд нэмэгдүүлэхэд хүндрэл учруулж болзошгүй.
Мөн тохиролцооны хугацааны талаар талуудын мэдээлэл зөрж байна. Венесуэлийн тал 25 жилийн хугацаатай гэж мэдэгдсэн бол Associated Press-ийн мэдээлэлд хамтарсан бүтэц 100 жилийн хугацаанд ажиллах тухай мэдээлэл дурдагджээ. Иймээс гэрээний бүрэн эх нийтэд ил болсны дараа нөхцөлүүдийг эцэслэн дүгнэх боломжтой юм.
Энэхүү тохиролцоо нь Венесуэлийн газрын тосны салбарт АНУ-ын оролцоог эрс нэмэгдүүлэхийн зэрэгцээ Латин Америк дахь АНУ-ын геополитикийн нөлөө, дэлхийн газрын тосны нийлүүлэлт болон Хятад, ОХУ-ын Венесуэль дэх байр сууринд нөлөөлөх стратегийн ач холбогдолтой үйл явдал болж байна.
Эх сурвалж: Reuters

