Өчигдөр их тэнгэрт МАН-ын бүлэг хуралджээ. Хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, төсвийн тодотголыг дэмжих асуудлаар гишүүд байр сууриа нэгтгэсэн байна.
Сүүлийн өдрүүдэд Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар цаашид үргэлжлүүлэн ажиллах эсэх асуудал улс төрийн хүрээнд яригдаж, энэ талаарх таамаг, мэдээлэл олон нийтэд тархаад байсан. Харин МАН-ын бүлгийн хурлаар Засгийн газрыг огцруулах асуудлаас илүүтэй тогтвортой байдлыг хадгалж, тулгамдсан асуудлуудад анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн байр суурь давамгайлжээ.
Ерөнхий сайд Н.Учрал төсвийн тодотголын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар гишүүдэд мэдээлэл өгсөн байна. Тухайлбал, арваннэгдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх, эрчим хүчний үнийн өсөлтийг айл өрхөд шууд үүрүүлэхгүй байх зорилгоор эрчим хүчний салбарт татаас олгох зэрэг арга хэмжээг төсөвт тусгасан талаар тайлбарлан аж.
Тэрбээр Засгийн газрын цаашдын хувь заяаг албан тушаалтайгаа холбон авч үзэхгүй, шаардлагатай шийдвэрийг парламент гаргах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
Мөн бүлгийн гишүүд дэлхийн геополитикийн нөхцөл байдал, Орос-Украины дайн, Ормузын хоолой орчмын нөхцөл байдал, түлш шатахуун болон эрчим хүчний нийлүүлэлт зэрэг асуудлыг хөнджээ. Эдгээр нөхцөл байдал Монгол Улсын эдийн засаг, үнийн түвшин болон өрхийн зардалд нөлөөлөх эрсдэлтэй байгаа энэ үед улс төрийн тогтворгүй байдал үүсгэхээс илүү Засгийн газар тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхэд анхаарах шаардлагатай гэсэн байр суурийг зарим гишүүн илэрхийлсэн байна.
Засгийн газрыг тогтвортой ажиллуулах чиглэлээр гишүүдийн гарын үсгийг цуглуулах ажлыг Д.Амарбаясгалангийн тал хариуцахаар болсон гэх мэдээлэл байна.
Харин Ерөнхий сайд Н.Учрал өөрийн албан тушаалыг хадгалж үлдэхийн тулд гишүүдээс дэмжлэг хүссэн байр суурь илэрхийлээгүй бөгөөд Засгийн газрын цаашдын үйл ажиллагаатай холбоотой шийдвэрийг парламент гаргана гэсэн байр суурьтай байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
МАН-ын бүлгийн 68 гишүүнээс Н.Учрал шиг Ерөнхий сайдын ажлыг сайн хийх хүн олдохгүй гэж санал нэгдээд цаашлаад Засгийн газрыг тогтвортой ажиллуулна гэсэн гарын үсэг зурцгаажээ. Үүнээс дүгнэхэд Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал гэж хуваагдал үгүй болж МАН нэг зүйл дээр нэгдэж АН-ын Ерөнхий сайдыг огцруулах улс төрийн шоглоомд орохгүй болж байх шиг байна.
Ийнхүү МАН-ын бүлгийн хурлын дараах нөхцөл байдлаас үзэхэд ойрын хугацаанд Засгийн газрыг огцруулах улс төрийн шийдвэрээс илүүтэй үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх, төсвийн тодотголыг батлах чиглэлд гишүүдийн байр суурь нэгдэж буй дүр зураг харагдаж байна.
Эдийн засгийн нөхцөл байдал, түлш шатахууны нийлүүлэлт, эрчим хүч, үнийн өсөлт зэрэг олон асуудал зэрэгцэн тулгарч буй энэ үед Засгийн газрын тогтвортой байдал улс төрийн гол сэдвүүдийн нэг хэвээр байна. Харин улс төрийн хүчнүүд эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх, төсвийн тодотголын арга хэмжээ иргэдийн амьдралд ямар нөлөө үзүүлэх нь цаашдын анхаарах гол асуудал болох юм.

