УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр (2026.10.16) "Тамхины хяналтын тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 81 гишүүний буюу 78,6 хувийн саналаар эцэслэн баталлаа. Хууль батлагдсанаар элетрон тамхи, вэйп зэрэг шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнийг янжууртай адил эрх зүйн зохицуулалтад хамруулж хүүхэд, өсвөр үеийнхнийг тамхины хэрэглээнээс хамгаалах, мөн насанд хүрээгүй хүнд тамхи худалдаалахыг хориглох зохицуулалт, эрх зүйн орчин бүрдэж буй юм.
Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр:
Электрон тамхи, халаадаг тамхи болон никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүний зохицуулалтыг боловсронгуй болгох;
Залуучуудын тамхины хэрэглээг өдөөж буй амт, үнэр зэрэгт хязгаарлалт тогтоох;
Тамхины бүх төрлийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлэх;
Хяналт, хариуцлагыг чангатгах;
Тамхины хамаарлаас гарах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн зохицуулалтуудыг тусгажээ.
Жил гаруй хэлэлцсэн тамхины хуулийн өөрчлөлтийг баталж, электрон тамхийг зохицуулалтад орууллаа
УИХ-ын өнөөдрийн /2026.10.16/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Ингэснээр электрон болон халаадаг тамхи, никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүнийг хуулийн зохицуулалтад хамруулж, тамхины татварыг үе шаттай нэмэгдүүлэхээр болж байна.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг тэргүүтэй гишүүд уг төслийг 2025 оны есдүгээр сарын 19-нд өргөн мэдүүлж байсан билээ. Тус төслийн гол зорилго нь электрон тамхийг янжуур тамхитай адил хяналт, зохицуулалтад оруулж, хүүхэд, залуучуудын дунд нэмэгдэж буй хэрэглээг бууруулахад чиглэсэн юм.
Электрон тамхины хэрэглээ, импортын өсөлт нь хуульд өөрчлөлт оруулах гол үндэслэл болж буй юм гэдгийг ч хуулийн төслийн багийнхан учирлаж байсан юм.
Статистик тоон мэдээллийг сөхөж харъя: Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, 2020 онд 47 мянган ширхэг электрон тамхи импортолсон бол 2024 онд энэ тоо 8.2 саяд хүрч, ойролцоогоор 175 дахин нэмэгдсэн байна. Төслийг танилцуулах үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг электрон тамхи хүн амд хор багатай гэдэг нь нотлогдоогүйг онцолж, шинэ төрлийн бүтээгдэхүүнд тавих хяналтыг чангатгах шаардлагатайг хэлж байв.
Төслийг хэлэлцэх эсэхийг шийдэхэд чуулганы танхимд ирцээ бүртгүүлсэн 89 гишүүний 55 нь буюу 61.8 хувь нь дэмжсэн ч татварын өсөлт, худалдааны хориг, хуулийн хэрэгжилттэй холбоотой заалтууд маргаан дагуулж байсан юм.
Тухайлбал, татварыг 2026–2030 онд огцом өсгөхийг шүүмжилсэн байр суурь гарч, импортлогчид татвар нэмэгдэх нь хууль бус худалдаа, далд эдийн засгийг тэлж болзошгүй гэж үзэж байсан.
Харин эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд тамхины хамаарлыг нийгмийн тулгамдсан асуудал гэж үзэн, Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлж, хуулийн зохицуулалтыг чангатгахыг хүссэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр 2010 оноос хойш төрсөн иргэдэд тамхи худалдаалахгүй байх санал мөн анхаарал татсан. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны зургаадугаар сарын 30-нд төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхдээ уг заалттай холбоотой саналаар дахин санал хураах асуудлыг хэлэлцсэн юм.
Тухайн үед хаврын чуулганы төгсгөлд эцсийн хэлэлцүүлгийн шатанд хүрсэн төслийг батлах ажиллагаа намрын чуулган хүртэл хойшилсон нь гишүүдийн шүүмжлэлд өртөж байв. УИХ-ын гишүүн Ө.Шижир “Мартсанаас мал мэнд үү” гэгчээр тамхины хуулиа хэзээ хэлэлцэх вэ” хэмээн асууж, тамхины компаниуд нөөцөө нэмэгдүүлж байх хооронд төсөвт төвлөрөх татварын орлого алдагдаж байгааг шүүмжилж байлаа.
Ийнхүү жил гаруй хугацаанд хэлэлцсэн тамхины хуулийн өөрчлөлтийг баталж, электрон тамхийг зохицуулалтад орууллаа.
Нэмэлт, өөрчлөлтөөр залуучуудын тамхины хэрэглээг өдөөдөг амт, үнэрт хязгаарлалт тогтоож, тамхины бүтээгдэхүүний онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлэхээр тусгасан байна. Мөн хяналт, хариуцлагыг чангатгаж, тамхины хамаарлаас гарах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр болсон юм.

