Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт болон оффтейк гэрээтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.Тэрбээр уг асуудалд нэр холбогдсон хүмүүсийг улс төрийн харьяалал, албан тушаал харгалзахгүйгээр шалгах ёстой гэж мэдэгдэв.
Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулгыг Гашуунсухайтын төмөр зам болон оффтейк гэрээтэй холбоотой асуудалд хамааралтай хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Түүний хэлснээр, Х.Баттулга 2019 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж байхдаа Гашуунсухайтын төмөр замын асуудлыг нууцад авсан бөгөөд оффтейк гэрээний ажлыг эхлүүлэх, урьдчилгаа төлбөр авах шийдвэр гаргуулсан байна. Мөн уг төсөлд 280 сая ам.доллар зарцуулсан ч бодит үр дүн нь шороо овоолсон төдий байсан гэж шүүмжилжээ.
Үүнээс үүдэн олон иргэн ял шийтгэл хүлээж, зарим хүн хил даван явсан гэж тэрбээр мэдэгдсэн юм. Түүнчлэн Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг хөндөж, 507 хуудас материалыг шүүхийн байгууллагад хүргүүлсэн ч хэрэг замхарсан гэж ярив. Цаашид Засгийн газраас Гашуунсухайт боомттой холбоотой бүх асуудлыг олон улсын аудитын байгууллагад танилцуулж, хууль хяналтын байгууллагуудад хугацаатай үүрэг өгөхөөр төлөвлөж байгааг мэдээллээ.
Мөн Н.Учралын Засгийн газар цаашид оффтейк гэрээ байгуулахгүй гэсэн зарчим баримталж байгаа бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүнийг Уул уурхайн биржийн тухай хуулийн дагуу экспортолж буйг онцолсон юм. Түүнчлэн Г.Занданшатарын Засгийн газрын үед оффтейк гэрээнүүдийг ил болгосон бөгөөд түүнээс өмнө байгуулсан гэрээнүүдийг ч мөн адил шалгах шаардлагатай гэж мэдэгдэв.

