Gerelnews
Post

Нийгэм

2026, 11-р сар 18}

2021 онд дэлхий даяар 4.71 сая хүн нянгийн эсрэг эмийн тэсвэржилттэй холбоотойгоор нас баржээ

Л.АззаяаЛ.Аззаяа

Монгол Улс бичил биетний эмэнд тэсвэржилттэй тэмцэх дэлхий нийтийн аянд нэгдэж, антибиотик болон бусад бичил биетний эсрэг эмийн зохисгүй хэрэглээг бууруулахыг иргэдэд уриаллаа. Жил бүрийн Арваннэгдүгээр сарын 18-24-нд дэлхий даяар зохион байгуулдаг “Бичил биетний эмэнд тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх долоо хоног” энэ жил “Нэг эрүүл мэнд, нэг үйлдэл, Бичил биетний тэсвэржилтээс өнөөдрөөс сэргийлье” уриан дор болж байна.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, 2021 онд дэлхий даяар нянгийн эсрэг эмийн тэсвэржилттэй холбоотойгоор 4.71 сая хүн нас баржээ. Үүнээс 1.14 сая нас баралт нь нянгийн эмэнд тэсвэржилтээс шууд шалтгаалсан байна. Бичил биетний эмэнд тэсвэржилт гэдэг нь нян, вирус, мөөгөнцөр, шимэгч зэрэг бичил биетэн тэдгээрийн эсрэг хэрэглэдэг эмэнд тэсвэртэй болж, эмчилгээний үр дүн буурах үзэгдэл юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь тухайн халдварыг эмчилж чаддаг байсан эм цаашид үр дүнгүй болж, өвчнийг эмчлэхэд хүндрэл учруулдаг.

Энэ нь зөвхөн антибиотикийн асуудал биш бөгөөд вирусийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг болон шимэгчийн эсрэг эмийн үр нөлөөнд ч хамаардаг. Эмийн зохисгүй, хэт хэрэглээ нь тэсвэржилт үүсэж, тархах гол хүчин зүйлсийн нэг юм.

Иймд антибиотикийг эмчийн зааваргүй хэрэглэхгүй байх, бусдад бичиж өгсөн эмийг дур мэдэн хэрэглэхгүй байх, эмчилгээний тун болон хугацааг мэргэжлийн эмчийн зааваргүй өөрчлөхгүй байх нь тэсвэржилтээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Монгол Улсын хувьд Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр “Ирээдүйнхээ төлөө манлайлъя” аяныг өрнүүлж байна. Энэ хүрээнд иргэд, бодлого боловсруулагчид, эрүүл мэндийн ажилтнууд, малын эмч, фермер, малчдыг бичил биетний эсрэг эмийн буруу болон хэт хэрэглээг таслан зогсооход хувь нэмрээ оруулахыг уриалжээ.

Бичил биетний тэсвэржилт нь хүн, мал амьтан, ургамал, хүнс, хөдөө аж ахуй болон хүрээлэн буй орчны эрүүл мэндтэй харилцан холбоотой асуудал юм. Тиймээс зөвхөн хүний эрүүл мэндийн салбарт анхаарах бус, мал эмнэлэг, хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын хамтын ажиллагааг хангах шаардлагатайг “Нэг эрүүл мэнд” зарчимд онцолж байна.

Монгол Улс 2026-2030 онд хэрэгжүүлэх бичил биетний эмэнд тэсвэржилтийн эсрэг үндэсний төлөвлөгөөг уг зарчимд тулгуурлан, олон салбарын оролцоотой боловсруулж байгаа аж. Төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг болон хүн, мал амьтны эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын төлөөллүүд Арваннэгдүгээр сарын 23-нд төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, эцэслэн боловсруулан батлуулахад чиглэсэн үйл ажиллагааг тодорхойлохоор төлөвлөжээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!