Хөшигийн хөндийд байгуулахаар төлөвлөсөн Хүннү хотын суурь дэд бүтцийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Тус хотод 150 мянган оршин суугч төвлөрүүлж, 80 мянган ажлын байр бий болгохоор төлөвлөжээ.
Улаанбаатар хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрлах Хүннү хотын хөгжлийн “Aerocity” бүсэд эдийн засаг, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, засаг захиргаа, боловсрол, үйлдвэрлэлийн цогцолбор зэрэг олон чиглэлийн бүс байгуулахаар төлөвлөсөн. Хотын суурь дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын нэг болох 220/110/35 кВ-ын “Сэргэлэн” дэд станцын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн аван байнгын ашиглалтад оруулжээ.
Тус дэд станцыг 6.4 га талбайд байгуулсан бөгөөд 250 МВА суурилагдсан хүчин чадалтай, гурван хүчдэлийн түвшний ухаалаг, дижитал шийдэл бүхий байгууламж юм. Энэ нь Хүннү хотын цахилгаан хангамжийг шийдвэрлэхээс гадна бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний чухал зангилаа, транзит станц болох аж.
Мөн Хүннү хотын төмөр замын бүтээн байгуулалт 100 хувь дуусаж, тээвэр эхэлсэн бөгөөд туршилтын ажил үргэлжилж байна. Түүнчлэн 41.5 км урт шилэн кабелийн сүлжээ, 35/10 кВ-ын “Хөндий” дэд станц болон үерийн хамгаалалтын нэгдүгээр далан сувгийн ажил бүрэн дуусаж, улсын комисст хүлээлгэн өгчээ. Харин бусад дэд бүтцийн ажлуудаас 110/35/10 кВ-ын “Аэросити” дэд станцын бүтээн байгуулалт 80 хувь, хоногт 2000 шоо метр ус дамжуулах хүчин чадалтай усан сан, шугам сүлжээний ажил 85 хувьтай байна.
Дулааны эх үүсвэрийн “Хүннү эко дулаан-2” 5 МВт-ын хосолмол эх үүсвэртэй станцын ажил 40 хувь, хоногт 3000 шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай байгууламжийн ажил 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.




