Хоёр долоо хоногийн өмнө Ерөнхий сайд Н.Учрал ингэж хэлсэн. Оюу толгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд шилжүүлбэл талхны үнэ 10 мянган төгрөгт хүрнэ.
Ийнхүү эдийн засагт учрах эрсдэлийг үнэнээр нь хэлээд, ногдол ашгийг хуулийн дагуу Хуримтлалын нэгдсэн санд хуваарилах шийдвэр гаргаад байсан.
Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гүйцэтгэх засаглалын тэргүүнийг, сайд нартай нь дуудаж уулзав. Тэгээд ингэж хэллээ.
-Анхны өгөөжөө иргэд өөрсдийн дансанд авах нь зүйтэй. Энэ талаас нь шийд.
Ингэмэгц Сангийн сайд З.Мэндсайхан ихээхэн баргар царайлж хэвлэлд ярилцлага өгөхдөө “Мэдээж инфляц өснө... Гэхдээ цалин тэтгэвэр нэмэхээр ч бас инфляц өснө гэж шүүмжилдэг шүү дээ. Ямартай ч иргэдийн дансанд шилжүүлэх хууль эрх зүйн гаргалгаа хайхаар боллоо” гэж ярив.
Энэ юу гэсэн үг вэ? Улс орны эдийн засгийн бодлогыг хариуцаж яваа улсууд талхны үнэ 10 мянган төгрөгт хүрэх эрсдэлийг хүлээн зөвшөөрчихөж байгаа хэрэг үү?
Оюу толгойн ногдол ашгийг дагасан хэдэн асуудал бий.
1. Авах эсэхийг эцэслээгүй. 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр “Оюу толгой” ХХК-ийг өргүй болсон хойно ногдол ашиг хуваарилна гээд заачихсан. Энэ өр төлөгдтөл ахиад 10 жил. Харин өнөөдөр авна гээд байгаагаа ямар баримт бичигт, яаж тусгаж байгаа нь тодорхойгүй. Ийм юм бол огт хийгдээгүй яваа.
2. За, цаашлаад 3 их наяд гэдэг дүн ч яригдаагүй, ярих бололцоогүй гэдгийг “Оюу толгой” ХХК-ийн удирдлагууд нэгэнтээ хэлчихсэн.
3. Тавантолгойн нүүрсний ордоос бол иргэн бүр 1072 хувьцаа эзэмшдэг. Тийм учраас ногдол ашиг дансандаа авдаг. Харин Оюу толгой тийм биш. 34 хувийг нь Монголын Засгийн газрыг төлөөлж “Эрдэнэс оюу толгой” гэж компани эзэмшдэг.
4. Үндэсний баялгийн сангийн тухай хууль гэж бий. Нөгөө “Баялагтаа эзэн Монгол” гэдэг лоозонгоор хийгдсэн ажил, Норвегийн баялгийн сангийн жишиг. Юу гэхээр, энэ ногдол ашгийг Хуримтлалын нэгдсэн санд шилжүүлнэ. Ингээд иргэн бүрийн нэр дээр нээгдчихээд байгаа “Чингис хаан” хуримтлалын дансанд хуваарилагдаад явна. Бүр тусдаа хуультай.
Ийм нөхцөлд, эдгээрийн алийг ч бодолцож үзээгүй мэт (талх 10 мянгад хүрэх нь бүр дүүрч) чиглэлийг Ерөнхийлөгч өнөөдөр өгч байх юм.
Ногдол ашиг хэзээ орж ирэх нь тодорхойгүй учраас ард түмэнд хүлээлт үүснэ. Ямар үед яажшуу зохицуулах тал дээр эрх биш Сангийн сайдын толгой ажиллах биз. Зай ч байна, лай ч байна. Учир нь Оюу толгойн ногдол ашиг бол "алаагүй баавгайн арьс" учраас.
Гэхдээ энэ буруу жишиг. Иргэд санал асуулгаараа хуримтлалын дансанд авъя гэж олонхоор шийдсэн. Энэ бол хуулийн дагуу гэдгээрээ зөв ч болсон. Харин хуримтлалын дансыг иргэн бүрийн хувийн, харилцах данс болгож тайлбарлаж байгаа, ялгаа заагийг нь хэлж өгөхийг хүсэхгүй байгаа эрх баригчид ухсан нүхэндээ өөрсдөө унах вий дээ.
Мөнгө тараалаа гэж алга ташуулахын цаадах төлөөс бол эдийн засгийн хохирлоос гадна хууль давсан, анхнаасаа буруу жишиг тогтоосон зэрэг хэм хэмжээний гажуудлын түвшинд яригдана.

