Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажлын хүрээнд нүүлгэн шилжүүлсэн 1,601 бурхан болоочийн чандар, шүтээнийг “Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн суварга болон хөрсөнд залж, шашны зан үйл үйлджээ.
Самбалхүндэв буюу 70 давхарын хаалттай оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажлын хүрээнд нүүлгэн шилжүүлсэн 1,601 бурхан болоочийн чандар, шүтээнийг “Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн суварганд болон модны хөрсөнд заллаа. Ёслолыг ар гэрийн хүсэлтийн дагуу шашны зан үйлийн хамт энэ сарын 1-нд зохион байгуулжээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар “Улаанбаатар буян” ХХК шарил нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа юм. Компанийн мэдээлснээр, энэ оны ажлын хүрээнд хоёр га талбайгаас 1,601 шарилыг нүүлгэн шилжүүлж, чандрыг ар гэрийнхний оролцоотойгоор залах ажлыг хийжээ.
Самбалхүндэвийн оршуулгын газарт “Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төслийг “Нью Семетри” ХХК болон “Улаанбаатар буян” ХХК 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн эхний үе шатанд 10 га талбайгаас нүүлгэн шилжүүлсэн 14,323 бурхан болоочийн чандар, шүтээнийг 2023 онд цэцэрлэгт хүрээлэнгийн хөрс болон суваргад заллаа.

