Gerelnews
Post

Нийгэм

2026, 11-р сар 02}

Монгол, Солонгос иргэд жолооны шалгалтыг эх хэлээрээ өгнө

Л.АззаяаЛ.Аззаяа

Монгол Улс болон БНСУ-ын иргэд жолооны эрхийн онолын шалгалтыг эх хэлээрээ өгөх боломжтой боллоо. Уг үйлчилгээг 2026 оны Аравдугаар сарын 29-нөөс бүрэн нэвтрүүлж эхэлсэн байна.


Энэхүү зохицуулалт нь БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын байгуулсан “Богино хугацааны зорчигч тээврийн хэрэгсэл жолоодох болон жолоочийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.

Үйлчилгээний нээлтийн арга хэмжээнд ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр оролцсон бөгөөд тэрбээр БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэд жолооны онолын шалгалтыг эх хэлээрээ өгөх боломжтой болсон нь замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ сайжруулах, шалгалтад тэнцэх боломжийг нэмэгдүүлэх, улмаар тус улсад ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулахад чухал ач холбогдолтойг онцолжээ.

Одоогоор БНСУ-ын жолооны эрхийн шалгалтын 27 төвд онолын шалгалтын 1800 асуултыг монгол хэлээр орчуулан бэлтгэсэн байна. Ингэснээр тус улсад оршин суугаа Монгол Улсын иргэд шалгалтыг солонгос хэлээр бус эх хэлээрээ өгөх боломж бүрдэж байгаа юм.

Харин уг зохицуулалт харилцан үйлчлэх зарчимтай тул Монгол Улсад оршин суугаа БНСУ-ын иргэд ч жолооны эрхийн онолын шалгалтыг солонгос хэлээр өгөх боломжтой болжээ. Тус шалгалтыг Улаанбаатар хотод өгөх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Ийнхүү хоёр улсын иргэдийн хувьд жолооны эрхийн онолын шалгалт өгөхөд тулгардаг хэлний бэрхшээлийг бууруулж, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ эх хэлээрээ эзэмших боломж нээгдэж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!