Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 13}

Баян-Өлгий аймагт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна

Г.ГэрэлмааГ.Гэрэлмаа

Баян-Өлгий аймагт боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, хос хэлний сургалт, багшийн хүний нөөц, сурах бичгийн хангамж зэрэг тулгамдсан асуудлыг газар дээр нь судалж, шийдвэрлэх арга замыг тодорхойлохоор Боловсролын яамны ажлын хэсэг ажиллаж байна. Тус ажлын хэсэг аравдугаар сарын 12–16-ны өдрүүдэд аймгийн боловсролын бүх шатны байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулна.


Боловсролын сайдын 2026 оны А/356 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг аравдугаар сарын 12–16-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж, боловсролын бүх шатны байгууллагын үйл ажиллагаа, сургалтын чанар, хүртээмж, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцан, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө. 

Ажлын хэсэг аймгийн Боловсролын газар, хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль болон Насан туршийн суралцахуйн төвийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг холбогдох байгууллагуудтай хамтран хэлэлцэж байна.

Энэ хүрээнд боловсролын салбарын хууль тогтоомж, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хос хэлний боловсрол, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмж, багшийн хүний нөөц, мэргэжлийн тасралтгүй хөгжил, удирдах ажилтны чадавх, тэгш хамран сургах боловсрол, хүүхэд хамгааллын үйлчилгээ, төсвийн санхүүжилт, зарцуулалт зэрэг асуудлыг сум, байгууллага тус бүрд үнэлэн, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж байна. 

Мөн иргэдэд чиглэсэн дараах зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, багш нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх

-Дээд боловсролын дипломын бүртгэл, баталгаажуулалтын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх

-Элсэлтийн шалгалтад үр дүнтэй бэлтгэх арга барилын талаар зөвлөгөө өгөх

Иргэд эдгээр үйлчилгээг аравдугаар сарын 12–16-ны өдрүүдэд 09:00–17:00 цагийн хооронд Төрийн үйлчилгээний байрны дөрөвдүгээр давхарт байрлах аймгийн Боловсролын газарт очиж авах боломжтой.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын үнэлгээний төвийн удирдах албан тушаалтан, мэргэжилтэн, судлаач, арга зүйч, хяналтын байцаагч, аудиторын төлөөлөл багтжээ.

Зөвлөн туслах ажлын үр дүнд аймгийн боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах юм.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!