Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд энэ өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэр хорооллын 7,000-10,000 айл өрхийг дулаалж, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлэхээр төлөвлөжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Арваннэгдүгээр сарын 3-нд болсон “Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” үндэсний форумын үеэр мэдээллээ.
Нийслэлийн агаарын бохирдлын 51 орчим хувийг 161 мянга гаруй айл өрхийн нүүрсний хэрэглээ бүрдүүлж байна. Иймээс гэр хорооллын айл өрхүүдийг цэвэр эрчим хүчний эх үүсвэрт үе шаттай шилжүүлэхээр ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар 5,000 өрхийг шингэрүүлсэн хийн түлшинд, 408 өрхийг нарны эрчим хүчний хэрэглээнд холбожээ. Мөн 31 уурын зуухыг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлсэн байна.
Арилжааны банкууд болон олон улсын байгууллагуудтай хамтран иргэдийн амьжиргаанд нийцсэн санхүүжилтийн шийдэл боловсруулсан бөгөөд уг шийдлийг Арваннэгдүгээр сарын 20-нд нийслэлчүүдэд танилцуулахаар төлөвлөжээ.
Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын бүсэд нийт 2.4 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станцыг батарей хуримтлуулах системтэй хослуулан байгуулахаар ажиллажээ. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, цахилгаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах зорилготой юм. Нөгөө талаар нийслэлийн агаарын бохирдлын 33 орчим хувийг автомашины утаа эзэлдэг. Үүнийг бууруулах зорилгоор цахилгаан автомашины хэрэглээг дэмжиж, цэнэглэх дэд бүтцийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Энэ чиглэлээр нийслэлд 80 “Ногоон өртөө” байгуулах ажлыг хэрэгжүүлж байгаа талаар мэдээлсэн.
Ингэснээр нийслэл агаарын бохирдлыг бууруулах ажлыг зөвхөн айл өрхийн нүүрсний хэрэглээг хязгаарлах бус, халаалтын технологи, сэргээгдэх эрчим хүч болон автомашины ялгарлыг бууруулах зэрэг хэд хэдэн чиглэлээр хэрэгжүүлэхээр зорьжээ.

