Хууль бус мөрийтэй тоглоомоос олсон орлогоороо хувийн онгоцоор зорчиж, өндөр үнэтэй эд зүйлс худалдан авдаг байсан зохион байгуулалттай бүлэглэлийн үйл ажиллагааг БНСУ-ын цагдаагийн байгууллага илрүүлжээ.
Чүнбүк мужийн цагдаагийн газраас Арваннэгдүгээр сарын 3-нд мэдээлснээр, уг хэрэгт холбогдуулан 43 хүнийг баривчилснаас 18-ыг нь цагдан хорьж, үлдсэн 25 хүний хэргийг цагдан хорихгүйгээр прокурорт шилжүүлсэн байна. Сэжигтнүүд хууль бус үйл ажиллагаанаас олсон орлогоороо 2022 онд Катарт болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тусгай VIP өрөөнөөс үзэж, тансаг зэрэглэлийн цаг болон бусад үнэтэй бараа бүтээгдэхүүн худалдан авсан байжээ.
Цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаагаар тус бүлэглэл 2016 оноос үйл ажиллагаа явуулж, 2022 оны Тавдугаар сараас 2026 оны Хоёрдугаар сарын хооронд 2.668 их наяд воны мөрийтэй тоглоомын гүйлгээ зохион байгуулсан байж болзошгүйг тогтоожээ. Тэд Малайз, Арабын Нэгдсэн Эмират Улс болон БНСУ-д удирдах хүмүүсээ байршуулж, спортын бооцоо, хөзрийн мөрийтэй тоглоомын цахим платформ ажиллуулж байсан аж. Мөн БНСУ-д тоглоомын программ хөгжүүлэх компани байгуулж, Филиппинд казиногийн үйл ажиллагаанд оролцох зэргээр бизнесийн байгууллагатай төстэй бүтэцтэй ажиллаж байжээ. Цагдаа нар 163.7 тэрбум воныг гэмт хэргийн орлого хэмээн тогтоож, үүнээс 61.9 тэрбум воны хөрөнгийг битүүмжлэх, хураах хүсэлт гаргасан байна.
Мөрдөн шалгах ажиллагаа олон улсыг хамарсан тул БНСУ-ын цагдаа Малайз, Арабын Нэгдсэн Эмират Улсын хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж, гадаадад саатуулагдсан удирдах албан тушаалтнуудыг шилжүүлэн авах ажиллагааг үргэлжлүүлж байна. Малайзад байгаа бүлэглэлийн 21 гишүүнийг Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж байгаа бөгөөд мөрдөн шалгах явцад илэрсэн мөнгөн дүн нь бодит нийт гүйлгээнээс бага байж болзошгүй гэж цагдаа нар үзэж байна. Цаашид зөвхөн оролцогчдыг баривчлах бус, гадаадаас удирддаг цахим гэмт хэргийн сүлжээний зохион байгуулагчдыг илрүүлж, хууль бус орлогыг бүрэн хураан авахад анхаарахаа БНСУ-ын цагдаагийн байгууллага мэдэгджээ.
Эх сурвалж: Yonhap News Agency (연합뉴스)

