Gerelnews
Post

Улс төр

2026, 9-р сар 28}

Н.Учрал: Монголын тамирчдын амжилтыг төр бодлогоор дэмжинэ

Л.АззаяаЛ.Аззаяа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр өнөөдөр буюу 2026 оны Есдүгээр сарын 28-нд “Айчи-Нагояа-2026” Азийн наадамд оролцож буй Монголын баг, тамирчидтай уулзлаа. Тэрбээр Монгол Улсаа төлөөлөн тивийн наадамд өрсөлдөж буй тамирчдад амжилт хүсэж, эх орныхоо нэрийг олон улсын спортын тавцанд гаргаж буйд нь талархал илэрхийлэв.


Энэ удаагийн “Айчи-Нагояа-2026” Азийн наадамд Монгол Улсаас 300 орчим тамирчин спортын 31 төрөлд оролцож байна. Тэд өөр өөрийн спортын төрөлд хурд, хүч, авьяас чадвараа сорин өрсөлдөж байгаа юм. Уулзалтын үеэр дугуйн спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц “Айчи-Нагояа-2026” наадмаас хүрэл медаль хүртсэн амжилтыг нь Ерөнхий сайд Н.Учрал онцлон баяр хүргэлээ. Мөн Монголын баг, тамирчдын цаашдын уралдаан, тэмцээнүүдэд нь амжилт хүсэн ерөөв. Ерөнхий сайд Н.Учрал уулзалтын үеэр тив, дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд Монгол Улсынхаа далбааг мандуулж, эх орныхоо нэрийг гаргаж буй тамирчдаар монголчууд бахархдаг гэдгийг хэлжээ. Түүнчлэн ард түмнийхээ итгэл, дэмжлэгийг авч, цаашдын тэмцээнүүддээ улам өндөр амжилт гаргахыг Монголын баг тамирчдад уриалсан байна.

Мөн Засгийн газраас спортын салбар болон үндэсний шигшээ багийн тамирчдыг дэмжих чиглэлээр ажиллаж байгааг Ерөнхий сайд онцоллоо. Тодруулбал, 2027 оны улсын төсөвт спортын салбарын ажилтнууд болон Монгол Улсын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын цалинг нэмэгдүүлэх, мөн Лос-Анжелесийн олимп, паралимпын наадамд бэлтгэх үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлэхээр тусгасан талаар мэдээлэв. Ийнхүү Монголын баг тамирчид “Айчи-Нагояа-2026” Азийн наадамд 31 спортын төрөлд эх орноо төлөөлөн өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний үлдсэн өдрүүдэд медалийн төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлнэ.

\

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!