Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын алба үүсэж хөгжсөний 70 жилийн ой энэ онд тохиож байна. Гэвч 70 жилийн хөгжлийн цаана хүүхдийн мэс заслын тусламжийн хэрэгцээ өндөр хэвээр байна. Зөвхөн 2025 онд ЭХЭМҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгуудад 8,089 хагалгаа хийсний 34.7 хувь нь яаралтай заалтаар хийгджээ.
Ойн хүрээнд хүүхэд, нярайн мэс заслын тусламжийг сайжруулах, олон улсын туршлага, шинэ технологийг Монголд нутагшуулах зорилготой “Эрүүл ирээдүйн төлөө” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Хуралд Япон, БНСУ, АНУ, ОХУ, БНЭУ зэрэг орны эрдэмтэн, судлаач, эмч, мэргэжилтнүүд оролцож, 30 гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүллээ.
40 ортой нэг тасгаас хүүхдийн төрөлжсөн мэс заслын төв хүртэл
Монгол Улсад хүүхдийн мэс заслын бие даасан тусламж үйлчилгээний үндэс 1956 оны тавдугаар сарын 7-нд тавигджээ. Тухайн үеийн Эрүүлийг хамгаалах яамны сайдын 59 дүгээр тушаалаар Хүүхдийн нэгдсэн эмнэлэгт 40 ортой мэс заслын тасгийг хоёр их эмч, дунд болон бага мэргэжлийн 18 ажилтантай байгуулсан байна.
Улмаар 1968 онд чих, хамар, хоолойн мэс засал, 1987 онд мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, 1989 онд цээжний мэс засал, 1990 онд бөөрний мэс заслын тасгууд бие даан хөгжжээ. Өдгөө хүүхдийн мэс заслын тусламж нь ерөнхий, цээж, бөөр, эрүү нүүр, чих хамар хоолой, нүд, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ зэрэг олон төрөлжсөн чиглэлээр үзүүлж байна.
2025 оны байдлаар ЭХЭМҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгууд нийт 151 төсөвт ортой буюу хүүхдийн эмнэлгийн нийт орны 35.6 хувийг эзэлж байна. Тус тасгуудад нэг жилийн хугацаанд 9,505 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн бол ЭХЭМҮТ-д хийсэн нийт 11,816 хагалгааны 68.5 хувь нь хүүхдийн мэс заслын тасгуудад ногджээ.
Энэ тоо нь зөвхөн нэг эмнэлгийн ачааллыг харуулж байгаа хэдий ч хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж эрүүл мэндийн тогтолцоонд ямар хэмжээний хэрэгцээтэйг харуулж байна.
Яаралтай хагалгаа өндөр байгаа нь юуг анхааруулж байна вэ?
2025 онд хүүхдийн мэс заслын тасгуудад хийсэн хагалгааны 34.7 хувь нь яаралтай заалттай байжээ. Энэ үзүүлэлтийг дангаар нь хүүхэд хожуу оношлогдож байна гэж тайлбарлах боломжгүй гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байна. Гэхдээ нийгмийн эрүүл мэндийн үүднээс хүүхдийн өвчнийг эрт илрүүлэх, анхан болон орон нутгийн шатанд зөв оношлох, шаардлагатай хүүхдийг цаг алдалгүй төрөлжсөн төвд шилжүүлэх тогтолцоо чухал болохыг салбарын эмч нар учирлаж байна.
ЭХЭМҮТ-ийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Л.Ганбаяр орон нутагт зонхилон тохиолддог болон яаралтай мэс заслын тусламжийг бүрэн үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэх шаардлагатай. Хүнд, хавсарсан эмгэгтэй хүүхдүүдийг одоогоор ЭХЭМҮТ-рүү шилжүүлэн эмчилж байгаа бөгөөд төрөлжсөн тусламжийг орон нутагт хөгжүүлэх нь төвлөрлийг бууруулах нэг чиглэл болж байна.
ЭХЭМҮТ 2025 онд орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан хүүхэд, нярайн мэс заслын сургалтад аймаг, сум, баг, өрхийн 500 эмчийг хамруулжээ. Мөн орон нутгийн эмч нартай хамтран 260 хүүхдэд үзлэг, оношилгоо хийж, 85 орчим хүүхдэд мэс заслын эмчилгээ үзүүлсэн гэв.
Төрөлхийн гажгийг эрт илрүүлж, эмчилгээтэй нь холбох шаардлагатай
Хүүхдийн мэс заслын тусламжийн нэг чухал хэсэг нь төрөлхийн хөгжлийн гажгийн оношилгоо, эмчилгээ аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2026 онд гаргасан мэдээллээр дэлхийд жил бүр ойролцоогоор найман сая хүүхэд төрөлхийн эмгэгтэй төрж байгаа бөгөөд төрөлхийн эмгэгүүд тав хүртэлх насны хүүхдийн нас баралтын бараг найман хувийг эзэлж байна. Ноцтой төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдийн 90 орчим хувь нь бага, дунд орлоготой орнуудад төрдөг бөгөөд эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээнд хүрэх боломж харилцан адилгүй хэвээр байна.
ДЭМБ-ын үзэж буйгаар илрүүлгийг зөвхөн онош тавих үйл ажиллагаа гэж харах бус, оношийг баталгаажуулах, шилжүүлэх, эмчлэх, сэргээн засах болон гэр бүлд дэмжлэг үзүүлэх цогц тусламжтай холбох шаардлагатай. Зарим төрөлхийн гажгийг цаг алдалгүй мэс заслын болон бусад эмчилгээнд хамруулснаар нас баралт, урт хугацааны хөгжлийн бэрхшээлийн эрсдэлийг бууруулах боломжтой.
Манай Улсад энэ чиглэлийн зарим тусламж хэдийнэ нутагшжээ. Тухайлбал ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасаг уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийн мэс засал, шүдний гажиг засал, хэл яриа заслын цогц тусламжийг улсын хэмжээнд үзүүлдэг. Тус тасгийн мэргэшсэн баг 1998 оноос хойш орон нутагт 100 гаруй удаа ажилласан байна.
ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Эрдэнэцогт манай тасаг жил бүр уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийтэй холбоотой 350 гаруй мэс засал хийдэг. Тэрбээр энэ төрлийн төрөлхийн гажгийг манай улсад мэс заслын болон мэс заслын бус цогц аргаар эмчлэх боломж бүрдсэн гэв.
Дараагийн алхам нь технологиос гадна хүртээмж
Энэ удаагийн олон улсын хурлаар ургийн мэс засал, дурангийн болон робот мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах, төрөлхийн эмгэгийн нөхөн сэргээх эмчилгээ зэрэг шинэ чиглэлийг хэлэлцлээ.
Гэхдээ хүүхдийн мэс заслын хөгжлийг зөвхөн өндөр технологийн хагалгааны тоогоор хэмжих боломжгүй. ДЭМБ мэс засал, мэдээгүйжүүлгийн тусламжийг эрүүл мэндийн бүх нийтийн хамралтын салшгүй хэсэг гэж үзэж, хүүхэд бүр аюулгүй, цаг алдалгүй, санхүүгийн дарамтгүй мэс заслын тусламж авах боломжтой байхыг онцолдог аж.
Тиймээс Монголын хүүхдийн мэс заслын дараагийн шатны хөгжил нь шинэ технологи нэвтрүүлэхийн зэрэгцээ төрөлхийн болон мэс засал шаардлагатай эмгэгийг эрт илрүүлэх, орон нутгийн эмч нарын чадавхыг нэмэгдүүлэх, шатлал хоорондын шилжүүлгийг хурдан болгох, мэс заслын дараах сэргээн засах тусламжийг хүртээмжтэй болгоход чиглэх шаардлагатай байна гэж салбарын эмч мэргэжилтнүүд учирлаж байлаа.


