2024 оны Нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Дүнжингарав худалдааны төвийн уулзварт шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан автомашины хий алдагдаж, улмаар хүчтэй дэлбэрэлт гарсан.
Дэлбэрэлтийн улмаас 7 хүн амиа алдсаны 3 нь гал унтраахаар ажиллаж байсан Онцгой байдлын алба хаагч, 4 нь тухайн замаар явж байсан иргэн байжээ. Мөн 41 хүн гэмтэж, угаарын хийн хордлогын шинж илэрсэн байна. Ослын үеэр 36 автомашин, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгжийн эд хөрөнгө хохирсон бөгөөд тухайн үед тогтоосноор нийт 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан байна.
ЯАГААД ӨНӨӨГ ХҮРТЭЛ ШИЙДЭГДЭЭГҮЙ ВЭ?
Энэ хэрэг энгийн нэг зам тээврийн осол биш. Дэлбэрэлт юунаас болсон, хэн ямар хариуцлага хүлээх ёстой, иргэд болон аж ахуйн нэгжүүдийн хохирлыг хэрхэн тогтоох вэ гэдгийг нарийвчлан шалгах шаардлагатай болсон. Мөрдөн шалгах явцад 76 төрлийн шинжилгээ хийлгэж, 75 дүгнэлт гаргуулан, 350 гаруй хүнээс мэдүүлэг авчээ. Өөрөөр хэлбэл, ослын шалтгаан болон хохирлын хэмжээг тогтоохын тулд олон талын шинжилгээ хийсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны дараа “Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав, жолооч Ч.Ренцэндорж нарыг яллагдагчаар татсан. Гэвч хэргийг шүүхэд шилжүүлсний дараа шүүхээс нэмэлтээр шалгах шаардлагатай гэж үзсэн асуудлууд гарч, хэрэг мөрдөн шалгах шат руу буцсан. Ингэснээр хэрэг шууд эцэслэн шийдэгдээгүй, дахин шалгах ажиллагаа үргэлжилсэн байна.
ТЭГЭЭД ОДОО ЮУ БОЛОХ ВЭ?
Нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны дараа Ч.Ренцэндоржид холбогдох хэргийг шүүхэд дахин шилжүүлээд байна. Харин Н.Баатаржав нас барсан тул түүнд холбогдох хэргийг цааш үргэлжлүүлэн шийдвэрлэх боломжгүй болсон. Одоо Ч.Ренцэндоржид хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон, хүний эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байна. Есдүгээр сарын 25-ны 11:00 цагт хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг товлогдсон байна. Энэ хурал дээр шууд “буруутай” эсвэл “буруугүй” гэж эцэслэн шийдэхгүй. Харин хэргийг шүүхээр хэлэлцэхэд бэлэн болсон эсэх, ямар асуудлыг цаашид хэлэлцэх шаардлагатай вэ гэдгийг шийднэ.

